Киргизийн Сонгуулийн төв хороо хоёр долоо хоногийн дотор парламентын сонгуулийг дахин товлохоор болжээ. Энэ тухай тус хорооны орлогч дарга Абдыжапар Бекметов хэвлэлийнхэнд мэдэгджээ. РИА Новостий агентлагийн тэмдэглэснээр сонгуулийг явуулах шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор зохион байгуулдаг байсан бол одоо энэ удаа хугацааг 60 хоног болгон богиносгожээ. Өмнө нь Киргизийн Сонгуулийн төв хороо аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн санал хураах үеэр болон сонгуулийн өмнөх хугацаанд олон зөрчил гарсан тул тус сонгуулийн дүнг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн юм. Аравдугаар сарын 6-ны шөнө Киргизэд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болсон билээ. Эсэргүүцлийн жагсаал маш богино хугацаанд эмх замбараагүй байдал болон хувирч улмаар жагсагчид Киргизийн Цагаан ордныг (Засгийн газрын ордон) эзлэн авч, сонгуулийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулахыг шаардсан билээ. Үүнээс гадна эсэргүүцэгчид Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны харьяа урьдчилан хорих төв рүү дайрч орон тус улсын өмнөх Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, авилга авсан хэргээр буруутгагдсан Ерөнхий сайд асан Сапар Исаков нарыг суллан гаргасан аж.