Аравдугаар сарын 6-ны шөнө Киргизэд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсагчид Киргизийн Цагаан ордныг (Засгийн газрын ордон) эзлэн авч, сонгуулийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулахыг шаардсан байна. байна. Үүнээс гадна эсэргүүцэгчид Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны харьяа урьдчилан хорих төв рүү дайрч орон тус улсын өмнөх Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг суллан гаргажээ. ТАСС агентлагийн мэдээлж буйгаар жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг хүн нас барж, 500 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Түүнчлэн 2017 онд хүн барьцаалсан хэргээр ял сонссон Парламентын гишүүн асан Садыр Жапаровыг мөн хорих ангиас суллажээ. Мөн Бишкекийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн ажлын үеэр авлига авсан хэргээр буруутгагдсан Ерөнхий сайд асан Сапар Исаковыг суллахыг шаардсан байна. Жагсагчид өмнө нь парламентын ордныг эзлэн авсан юм. Тус ордонд мөн төрийн тэргүүний захиргаа, нийслэлийн захирагчийн алба, Ерөнхий прокурорын газар байрладаг байна. Жагсагчдын удирдагчид өөрсдийгөө түр удирдагчаар зарлаж, төрийн албан тушаалуудыг хуваарилж байгаа аж. Тухайлбал, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч нарийн бичгийн дарга Омурбек Суваналиев өөрийгөө Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр зарласан бол Дотоод хэргийн дэд сайд асан Курсан Асанов Бишкек хотын комендантын үүрэг гүйцэтгэгч болсон байна. Киргизийн нийслэл хотод эрх мэдэл ерөнхийдөө жагсагчдын гарт шилжээд байгаа аж. Киргизийн парламентын сонгууль өнгөрсөн Ням гарагт /2020.10.04/ болсон бөгөөд улс төрийн 40 гаруй нэгдэл оролцоно гэж мэдэгдэж байсан ч ихэнх нь оролцохоос татгалзаж, мөн зарим нь Сонгуулийн төв хороонд шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж өгч амжаагүй байна. Ингээд сонгуульд 16 нам оролцож, парламентын 120 суудлын төлөө өрсөлджээ. Киргизийн хуулиар намууд сонгуульд оролцсон иргэдийн долоон хувь, долоон муж тус бүрт 0,7 хувиас багагүй санал авах ёстой юм байна. Урьдчилсан дүнгээр дээрх 16 улс төрийн хүчнээс 4 нам л долоон хувийн саналыг авч чадсан аж.