Өнөөдөр буюу Даваа гарагт /2020.10.05/ Шведийн нийслэл Стокгольм хотноо 2020 оны Нобелийн шагналын эздийг тодруулах долоо хоног эхэллээ. Нобелийн шагналын хороо Даваа гарагт анагаах ухааны, Мягмар гарагт физикийн, Лхагва гарагт хими, Пүрэв гарагт уран зохиолын шагналтнуудыг тодруулах юм байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг гэгддэг Энх тайвны шагналын эзнийг уламжлал ёсоор Норвегийн нийслэл Осло хотод ирэх Баасан гарагт зарлах аж. Нобелийн хорооны мэдээлснээр энэ жил Энх тайвны шагналд 318 нэр дэвшигч байгаагийн 211 нь хувь хүн, үлдсэн 107 нь байгууллага гэнэ. Сүүлийн мөч хүртэл Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай мэдээлдэггүй билээ. Гэсэн хэдий ч жилийн турш олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхийн мэдээлж буйгаар энэ жилийн Энх тайвны шагналд дэлхийн алдартай удирдагчид, улс төрчид дэвшиж байгаа аж. Тодруулбал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, мөн Серби болон Косовогийн засгийн газар дэвших магадлалтай гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Энх тайвны шагналд Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нэр ч байгаа аж. Эцэст нь аравдугаар сарын 12-нд эдийн засгийн салбарын шагналтныг тодруулах аж. 2020 оны Нобелийн шагналыг 10 сая крон (ойролцоогоор 1.1 сая ам.доллар) дагалдах аж. Шанал гардуулах ёслол уламжлал ёсоор 12 сарын 10-нд (Альфред Нобелийн таалал төгссөн өдөр) болох ч цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явагдах болсныг Нобелийн шагналын хороо өмнө нь мэдэгдсэн юм.