Японы алдартай загвар зохион бүтээгч, “Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч Кензо Такада коронавирусийн халдварын улмаас өчигдөр /2020.10.04/ Парис хотын эмнэлэгт нас баржээ. Энэ тухай BBC агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. Кензо Такада нь 1939 оны 2-р сарын 27-нд Японд төрсөн аж. 1958 онд тэрээр Токиогийн хамгийн нэр хүндтэй загварын сургуулиудын нэг Бунка коллежид элсэн суралцжээ. Кензо 1965 онд Парис хотод нүүж ирсэн байна. 1970 онд түүний байгуулсан “Kenzo” брэндийн анхны эмэгтэй хувцасны үзүүлбэр олны сонирхлыг ихээр татсан аж. 1983 оноос хойш Кэндзо эрчүүдийн хувцасны загварын чиглэлээр мөн ажиллаж эхэлсэн бол 1988 онд “Kenzo” брэндийн анхны үнэртнээ зах зээлд танилцуулж байжээ. Тэрбээр өөрийн брэндийг Францын LVMH группт зарснаасаа хойш зургаан жилийн дараа 1999 онд хувцас загварын ертөнцөөс зодог тайлжээ. Алдарт загвар зохион бүтээгчийн нас барсантай холбогдуулан Парис хотын захирагч "Такада загварын ертөнцөд өнгө, гэрлийг авчирсан гайхамшигтай авьяастай загвар зохион бүтээгч байлаа. Парис нэгэн хүүгийнхээ хойноос гашуудаж байна" хэмээжээ.