1981 оны зун Иллинойс мужид бороо хур ихтэй байлаа. Чикаго хотын Элмхерест хэмээх захын дүүрэгт оршдог “Туулайн хөл” зочид буудлын үйлчлэгч буудлын арын бургаснуудаас өмхий үнэр ханхлаад байна гэж менежертээ хэдэн өдөр үглэжээ. Элмхерест дүүрэг ойн бүсэд оршдог тул янз бүрийн амьтад хүмүүсийн амьдардаг газар руу орж ирэх, зам дээр машинд дайруулах явдал их гардаг байж. “Үнэг,туулай,эсвэл буга л үхчхээд муухай үнэртээд байгаа биз” гэж бодсон менежер бороо зогсонгуут хүрз барьсаар бургас руу явж оржээ. Тэрбээр ердөө 30 метр орчим яваад хайсан зүйлээ олсон байна. Харин тэр зүйл нь туулай ч биш, үнэг ч биш харин эмэгтэй хүний цогцос байв. Ингээд 1981 оны зургадугаар сарын 1-ны энэ өдөр Иллинойс мужийн түүхэн дэх хамгийн шуугиан тарьсан гэмт хэргийн мөрдлөг эхэлсэн аж.
Цогцос доошоогоо харсан байдалтай, эрээн даашинзын хормой нь дээш нь сөхөгдсөн, дотуур өмд нь өвдгөө хүртэл шувтарсан байв. Зүүн хөлийнх нь оймсон дотроос 17 доллар олдсон нь хохирогчийг биеэ үнэлэгч байсан байж магадгүй гэж үзэхэд хүргэжээ. Учир нь биеэ үнэлэгчид л мөнгөө оймс, гутал, бүсэндээ гээд санаанд оромгүй газар нуух зуршилтай байдаг гэнэ. Хамгийн аймшигтай нь хохирогчийн зүүн хөхийг угаар нь огтолж авсан байлаа. Хохирогч 21 настай Линда Саттон гэдэг биеэ үнэлэгч бүсгүй гэдгийг хэд хоногийн дараа тогтоожээ. Тэрбээр хоёр хүүхэдтэй байсан бөгөөд гэрээсээ тавдугаар сарын 23-нд гарч яваад, эргэж ирээгүй аж. Аллага тухайн сарын 23-28 хооронд үйлдэгдсэн байх үндэслэлтэй тул энэ өдрүүдэд хохирогч хаана хэнтэй хамт байсныг тогтоохоор мөрдөх ажиллагаа эхлэв. Шүүх эмнэлэгийн дүн шинжилгээгээний хариу нилээд юм үзсэн цагдаагийнхныг хүртэл цочирдуулжээ. Линда Саттон аймшигтайгаар тамлуулан, тарчилж үхсэн байв. Зүүн талын таван хавирга ил гарсан нь цогцсын зөөлөн эд эс муудаж илжирсэндээ биш харин алуурчин хохирогчийн зүүн хөхнөөс гадна нуруун хэсгийн махыг хурц иртэй зүйлээр шулж авснаас болжээ. Мөн зүүн ташаанд 15 см урттай гүнзгий шарх, биеийн доод хэсэг болох хэвлийд хутганы 2, хонгонд 3, зүүн гуяа хөлд 15, баруун гуяа, хөлд 16 шарх тоологджээ. Түүнээс гадна хохирогч амьддаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тогтоогдсон байна. Алуурчин бэлгийн гаж донтон болох нь тодорхой болов. Цогцсын нуусан байдлаас үзэхэд гэмт этгээд Элмхерест дүүргийн газар зүйн байрлалыг сайн мэддэг бололтой. Линда Саттоны бүх танилууд, сүүлийн хэдэн хоногт уулзаж учирсан хүмүүсийг судалж үзсэн ч сэжигтэй нэг ч хүн гарч ирсэнгүй. Биеэ үнэлэгчийн оймсноос олдсон 17 долларыг сүүлийн үйлчлүүлэгч нь өгсөн байж болох тул тэрхүү мөнгөн дэвсгэрт дээрээс олдсон 66 янзын хурууны хээг нэг бүрчлэн судлаад ч үр дүнд хүрсэнгүй. Алуурчин хэргийн газар ямар ч ул мөр үлдээгээгүй аж.
Линда Саттоны хавтаст хэрэг нээгдээд найман сар болж байхад цагдаагийн эргүүл өөр нэгэн эмэгтэйн цогцос олжээ. Эхлээд хурдны зам дээрээс эзэнгүй машин олдсон байна. Машины шатахуун дууссан учир эзэн нь яалт ч үгүй зам дээр машинаа зогсоосон бололтой. Жолооны ард эмэгтэй хүн байсныг гэрчлэх цүнх, нүүрний будаг суудал дээрээс нь олджээ. Цүнхэнд нь байсан 135 долларыг аваагүйг үзвэл гэмт хэргийн зорилго дээрэм бус байсан нь тодорхой. Эрэл хайгуул эхэлснээс хоёр цагийн дараа машины эзэн болох 35 настай зөөгч бүсгүйн цогцсыг зам дагуу жалганаас олов.Хохирогчийг хүчиндэж, зэрлэгээр зодож, хутгаар сийчсэний эцэст хоолойг нь боож алсан байв. Өмнөх хохирогчийн адил зүүн хөхийг нь огтолж авсан байв. Чикаго хот цуврал алуурчинтай нүүр тулгарсан нь гарцаагүй болжээ. Ийм нөхцөлд мөрдлөгийн үйл ажиллагаанд сэтгэл зүйчдийг татан оролцуулдаг. Тэдний гаргасан “хөрөг”-өөр бол алуурчин, бэлгийн бисексуал хандлагатай, өмнө нь ял эдэлж байсан, эхнэр хүүхэдтэй, гэр бүлийнхэндээ сэжиг төрүүлэхгүйн тулд орой эсвэл шөнийн ээлжийн ажилтай, автомашин эсвэл нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажилладаг, багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн , 30 буюу түүнээс дээш насны хар арьстан эрэгтэй гэж.Энэ хувилбар дээр ажиллаж байтал ердөө сар хүрэхгүй хугацааны дараа шинэ хохирогч олдлоо. Энэ удаа 28 настай, нөхөр хүүхэдтэй пуэрторикан бүсгүй байв. Түүний цогцос ядуусын хорооллын гудамжнаас олджээ. Хохирогчийн зүүн хөхийг огтлоогүй ч тийм гэхийн тэмдэггүй болтол хазаж хэмлэсэн байв. Түүнийг боож алахаасаа өмнө алуурчин хамаг ясыг нь хугартал зодсон аж. Биеийн доод хэсгийг хутга эсвэл хурц иртэй зүйлээр олон удаа зүссэн байлаа. Энэ удаа алуурчин ямар нэгэн эд зүйл хэрэглэн хүчиндсэн нь хохирогчийн бэлэг эрхтний гэмтэл нотлов. Хэдий хохирогчийн биеэс эр хүний үрийн шингэн олдсон ч тэрхүү эд мөрийн баримтыг тодорхой шалтгааны улмаас шинжилж чадаагүй аж.
1982 оны тавдугаар сарын 15-нд мөрдлөгийн явцад ихээхэн нөлөө үзүүлсэн үйл явдал болжээ. Энэ өдөр 08:40 алдад Элмхерст дүүргийн төвөөс Лорейн Энн Боровски хэмээх залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй хулгайлагдсан байв. Бүсгүй хотын төвд байрладаг үл хөдлөх хөрөнгийн газар ажилладаг байсан бөгөөд өглөө болгон ирж офисоо нээдэг байжээ. Хотын энэ хэсэг ажил хэргийн төв бөгөөд гэмт хэрэг бараг гардаггүй аж. Тэр өглөө “Римакс риэлторз” үл хөдлөх хөрөнгийн компанийн үүдэнд Лорейныг ирэхийг хүлээсэн хүн бөөгнөрөөд байлаа.Тэдний дунд байсан нэг эр Лорейны машин зогсоол дээр байхыг хараад мэл гайхжээ. Ойртоод очтол газар машины түлхүүр, уруулын будаг,мөн эмэгтэй хүний өрөөсөн гутал хэвтэж байв. Энэ бүхэн сэжигтэй санагдсан тул тэр эр цагдаа дууджээ. Цагдаагийнхан Лорейны гэр бүлийнхэнтэй холбоо барьсан ч бүсгүй өглөө гэрээсээ гардаг цагтаа гарсан байв. Гэрт нь болон ажлын байранд нь хийсэн үзлэгээр ямар нэгэн сэжигтэй зүйл илэрсэнгүй. Хөл ихтэй хотын төвөөс гэгээн цагаан өдөр хүн хулгайлна гэдэг бараг боломжгүй зүйл мэт. Гэхдээ л ийм хэрэг гарчээ. Эрэл хайгуул үр дүнд хүрсэнгүй. Тиймээс Лорейны гэр бүлийнхэн эрэл хайгуулд олон нийтийн анхаарлыг татах болов. Ингэж энэ болтол далд байсан цуврал алуурчны тухай мэдээлэл олны сонорт хүрч, Чикаго хотын оршин суугчид айдаст автах болов. Энэ шуугиан 30 настай Шуй Мак гэдэг хятад гаралтай эмэгтэйг алга болсноор улам газар авав. Эл хэрэг Лорейн Боловскийг алга болсноос хойш яг хоёр долоо хоногийн дараа гарчээ. Боломжтой айлын охин Шуй Мак тавдугаар сарын 29-ны орой гэр бүлийнхэнтэйгээ хоолонд ороод буцах замдаа алга болсон байна. Шуй ахтайгаа нэг машинд сууж явжээ. Харин замдаа тэр хоёр муудалцан, ах нь уурандаа дүүгээ зам дээр машинаасаа хөөн гаргасан байна. Ах нь дүүдээ муу санаа агуулаагүй бөгөөд хойноос нь машинаар яваа гэр бүлийн бусад гишүүд Шуйг авна биз хэмээн бодож. Харамсалтай нь бусад ах дүү нар нь өөр замаар явааг тэрбээр мэдээгүй аж. Шуйг шөнөжин ирээд олоогүй гэр бүлийнхэн нь өглөө нь цагдаагийн газарт хандав.
Эцэг эхчүүд охиноо гэрээс нь гаргахаас айж, нөхрүүд эхнэрээ ажлаас нь тосож, бүсгүйчүүд галт зэвсэг худалдаж авахаар хошуурах болов. Эл хэргийн мөрдөгчид Лорейныг хулгайлсан өдөр тэр хавиар байсан бүх хүмүүсийг гурав дахь удаагаа байцаажээ.Гэтэл бүсгүйн ажилладаг компанийн урд талд байрладаг нэгэн үйлчилгээний төвийн ажилтан Лорейныг улаан өнгийн фургонтой хоёр хүн авч явахыг харсан гэж мэдүүлснээр анхны сэжүүр гарч ирэх нь тэр. Гэвч тэр гэрчийн мэдүүлэгт мөрдөгчид бүрэн итгэхгүй байлаа. Учир нь бэлгийн ер бусын харгис гаж донтой цуврал алуурчин хэзээ ч хамтрагчтай байдаггүй гэнэ. Гэтэл Лорейныг хоёр (xэрэв жолооны ард гурав дахь этгээд сууж байгаагүй бол шүү дээ) хүн хулгайлсан байвал бүсгүй бусад аллагыг үйлдсэн алуурчны гарт орсон гэж үзэх үү гэсэн асуулт мөрдөгчдийн өмнө гарч ирэв. Тэдний эл асуултад зургадугаар сарын 12-нд гарсан хэрэг хариу өгөв. Энэ өдөр 23 настай биеэ үнэлэгч, хар тамхичин Эйнжел Йорк гэгч бусдад хулгайлагдан, төсөөлөхийн аргагүй доромжлол, хүчирхийллийг амсжээ. Хохирогч бүсгүйг хоёр цагаан арьстан эр үгийн солиогүй барьж аваад, улаан өнгийн фургонд чихэж оруулж, гарыг нь гавласны дараа зэрлэгээр тамлаж эхлэв. Хоёр этгээд Эйнжилийг тамхины цогоор түлж, нүүр рүү нь нулимж, энд тэнд нь хутгаар сийчхийн зэрэгцээ ээлж дараалан хүчиндсэн аж. Дараа нь тэд бүсгүйд мансууруулах тариа хийгээд зүүн хөхөө огтол гээд гарт нь хутга бариулав. Хэлснийг нь биелүүлэхгүй бол өөрсдөө огтолно гэж бүсгүйг сүрдүүлжээ. Итгэмээргүй ч Эйнжил хөхөө огтолж чадсан байна. Алуурчид тайрсан хөхийг цаасан хайрцаг руу шидчихээд бүсгүйн шархан дээр үрийн шингэнээ цацсан гэдэг. Хагас ухаантай Эйнжилыг тэд фургоноосоо гаргаад зам дээр хаячихсан аж. Тэртээ тэргүй цус алдаад өөрөө үхнэ биз гэж бодсон бололтой. Бурхны авралаар Эйнжил амьд гарчээ. Түүнийг санамсаргүй тэр хавиар өнгөрч явсан хүмүүс олж, эмнэлэгт хүргэн, аварсан аж. Хоёр өдрийн дараа хохирогч бүсгүй анхны мэдүүлгээ өгөв. Харамсалтай нь хар тамхинд донтсон түүний ой санамж дэндүү доройтсон байв. Дээрээс нь хүнд цочролд орсон нь нөлөөлсөн бололтой гэмт этгээдүүдийн гаднах төрхийн талаар хайш яаж хувцасласан, бохир заваан гартай цагаан арьстан хоёр залуу гэхээс өөр тодорхой зүйл санахгүй байлаа. Ингээд мөрдөгчид ямар ч байсан ямар хүмүүсийг хайх ёстойгоо мэдэж авав. Сэтгэл судлаачдын таамаглаж байсан хар арьстан эр биш харин цагаан арьстан тэгээд бүр хоёр ч хүн болж таарав. Хэрэв Эйнжил Йорк амьд үлдээгүй бол мөрдлөг хэр удаан сунжрах байсныг хэлэх аргагүй. Улаан фургон Чикаго хотод хэдэн арван мянгаараа байх. Цагдаагийнхан бүгдийг нь шалгах ямар ч боломжгүй учир таарсан машиныхаа эзнийг л шалгаж байлаа. Сэжигтэй хүн гарч ирсэнгүй. Урьд нь хүчирхийллийн хэргээр шалгагдаж байсан, ял эдэлж байсан бүх л хүнийг судалж. Ямар ч үр дүнд хүрсэнгүй.
Наймдугаар сарын 28-нд Чикаго хотын цагдаагийн газарт ээлжит хохирогчийн тухай мэдээ ирэв. Алуурчид хохирогчийн биеийн энэ тэнд хутгаар сийчхээс гадна, бэлэг эрхтэн рүү нь архины шил хийж байгаад хүчтэй өшиглөж хүний ой ухаанд багтамгүй авирласан байв. Тэд энэ удаа хохирогчийн хоёр хөхийг огтолжээ. 18 настай Сандра Делавэр гэдэг биеэ үнэлэгч бүсгүй аймшигтайгаар тарчилж үхсэн аж. Гэмт этгээдүүд ямар ч ул мөр үлдээлгүй цэвэр ажиллаж байв. Чикого хотынхон тэдгээр алуурчдыг “үхлийн бригад” гэж нэрлэжээ. Хэд хоногийн дараа тавдугаар сард алга болсон Лорейн Боровскийн зүүн хөхгүй цогцос олдов. Бүсгүй дээрх аллагыг үйлдсэн этгээдүүдийн гарт амь үрэгдсэн нь тодорхой болов. Чикаго хотын оршин суугчид алуурчдын гарт зөвхөн биеэ үнэлэгчид эсвэл гэр оронгүй тэнүүлчид амь үрэгддэг юм байна гэж өөрсдийгөө тайвшруулж байсан бол есдүгээр сарын 8-нд хотын баячуудын гудамж болох Гол-костоос хөхөө огтлуулсан нүцгэн эмэгтэйн цогцос олдсноор тэрхүү бодол төгсгөл болжээ. 30 настай Роуз Дэвис биеэ үнэлэгч ч биш, орон гэргүй тэнүүлч ч биш, харин Америкийн худалдааны томоохон компанийн Чикаго хот дахь салбарын захирал байв. Бүсгүй “үхлийн бригад”-ын хохирогч болсон нь түүний биеэ дэх шарх гэмтэл нотлох аж. Алуурчдын харгислал улам аймшигтай болсоор байв.
Роуз Девисийн үхлийн тухай шуугиан намжаагүй байтал Чикаго хотын хойд төмөр замын сүлжээний орчмоос хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй олджээ. Хохирогчийн зүүн хөхийг нь огтолсон байсан ч эмэгтэй амьтай голтой эмнэлэгт хүргэгдсэн байна. Хоёр хоногийн дараа хохирогч болох Беверли Вашингтон гэдэг бие үнэлэгч бүсгүй мэдүүлэг өгч эхлэв. Энэ удаа хохирогч бүхнийг санаж байв. Улаан өнгийн фургон машины дугаарыг тогтоогоогүй ч урд талын хоёр суудал хар, цагаан өнгөтэй, ачааны хэсэг нь нимгэн фанераар тусгаарлагдсан, арын толиноосоо цэнхэр өнгийн өдөн бөмбөлөг өлгөсөн талаар нэг бүрчлэн ярьжээ. Үүнээс гадна хохирогч гэмт этгээдийн гаднах төрхийг сайтар тогтоосон байв. 25 насны орчим, өндөр нуруутай, бор үстэй, мөн ижил өнгийн сахалтай (хүний үс сахал хоёр нэг өнгөтэй байх нь маш ховор аж) цагаан арьст залууг дүрсэлжээ. Гэмт этгээд энэ удаа ганцаараа байсан аж.
Ингээд 1982 оны аравдугаар сарын 20-нд анхны аллага гарснаас жил хагасын дараа удтал хүлээсэн явдал болжээ. Улаан хүрэн өнгийн нэгэн микро автобусыг замын цагдаа “дугаар чинь тод харагдахгүй байна” гэсэн шалтгаанаар зогсоон шалгахад машины дотор тал Беверли Вашингтоны ярьсантай яг тохирч байв. Харин жолоочийн гаднах төрх хол зөрж байлаа. Дунд зэргийн нуруутай, цайвар шаргал үстэй, бор хүрэн сахалтай залууг Эдвард Спрейтцер гэх бөгөөд унаж буй машин нь өөрийнх нь биш харин Робин Гачт гэдэг найзынх нь аж. Ямар ч байсан түүнийг цагдаагийн хэлтэст авчирчээ. Мөрдөгчид түүнээс сүүлийн сарын тодорхой өдрүүдэд хаана байсан талаар асуухад залуу учиргүй сандарч эхэлсэн байна. Түүний энэ байдал мөрдөгчдийн сэжгийг төрүүлжээ. Юуны түрүүнд мөрдөгчид Гачтын амьдардаг хаягыг заалгаж аваад очтол тэднийг хохирогч эмэгтэйн дүрсэлсэн залуу дүрээрээ угтаж авчээ. Тэрбээр улаан микро автобустай, Спрейтцер түүний найз, микро автобусаа найздаа хаяа унуулдаг нь үнэн гэдгийг маш тайван, энгийнээр хэлжээ. Тэгээд гарсан асуудалд хуулийнханд туслахаар цагдаагийн хэлтэс рүү сайн дураараа явжээ. Түүнээс аравдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө хаана байсныг асуухад Гачт “Гэртээ байсныг эхнэр нотолно” гэсэн байна. Сэжигтнийг эмнэлэг рүү авч явав. Ингэхдээ яах гэж байгааг өөрт нь хэлээгүй аж. Хохирогч бүсгүй Робин Гатчыг харангуутаа таньсан байна. Харин Гачт урьдын адил юу ч болоогүй юм шиг тайван сууж байв. Түүнд эрхийг нь уншин, өмгөөлөгч дуудахыг санал болгоход тэрбээр бүгдийг алмайруулсан хариу хэлжээ. Тэрбээр 1982 оны аравдугаар сарын 6-нд нэгэн хар арьст бүсгүйд хүч хэрэглэсэн хэргээ хүлээмээр байгаагаа хэлээд дараа нь өмгөөлөгч дуудахыг хүссэн байна. АНУ-ын эрүүгийн хуульд хэрэв гэмт этгээд (үйлдэл дээрээ баригдсан ч бай хамаагүй) өмгөөлөгч ирэхээс өмнө хэргээ хүлээсэн тохиолдолд “хуулийн байгууллагатай хамтарсанд” тооцдог аж. Хуулийн байгууллагатай хамтарсан тохиолдолд гэмт хэрэгтний ялыг хөнгөлөх, хэргийг онц ноцтой бус энгийн зүйл ангиар авч үзэх, тусгай нөхцөлтэй хорих гээд шүүхийн шийдвэрт олон янзаар нөлөөлдөг аж. Гачт өөрийг нь хохирогч таньсан эл хэрэгт буруугүй гэж зүтгээд ямар ч нэмэргүйг ойлгоод өөртөө хамгийн ашигтай хувилбарыг сонгожээ. Мөрдөгчид зальтай, тооцоотой,ухаантай алуурчинтай тулгарснаа мөн түүнийг бусад аллагад буруутай гэдгийг нотлох амаргүй байх нь гэдгийг ойлгов. Харин Спрейтцер өөрийн хамтрагч Гачтыг баригдсаныг мэдээд хамаг бурууг өөр дээр нь тохно гэж айн аймшигт аллагуудын талаар түрүүлж мэдүүлэг өгч эхлэв. Түүний мэдүүлэг найман цаг үргэлжилсэн гэдэг. Ямар ч байсан тэрбээр 20 гаруй аллага үйлдсэнээ хүлээсэн байдаг. Цагдаагийнхны хувьд мэдэх анхны хохирогч Линда Саттоноос өмнө “үхлийн бригад” хэдийнээ хэдэн хүний аминд хүрчихсэн, Гатч хохирогчдын хөхийг огтлох зуршилтай болчихсон байж. Энэ үеэр сураггүй алга болсон Шуй Мак бүсгүйн цогцос олджээ. Түүний ч бүлэглэн алснаа Спрейтцер хүлээв. Харин сэжигтэн Гатч бусад аллагад өөрийгөө ямар ч хамаагүй гэж гүрийжээ. Сэжигтнүүдийг нүүрэлдүүлэхэд Спрейтцер Гатчыг хараад хярсан туулай шиг болж, мэдүүлгээсээ буцав. Гатч чухам ямар аргаар Спрейтцерт тэгж нөлөөлөв гэдгийг мөрдөгчид хожим ч ойлгоогүй гэдэг. Гатчын өмгөөлөгч энэ нөхцөлийг далимдуулан үйлчлүүлэгчээ шүүх хурал болтол гадуур байлгах хүсэлт тавьжээ. Тойргийн шүүх хүсэлтийг авч үзэн 10 мянган долларын барьцаа аван сэжигтнийг тавьж явуулсан байна. Тэр өдөртөө Гатч зугтан оргожээ. Хуулийн байгууллага гартаа орсон алуурчныг буцаагаад өөрсдийн гараар тавиад явуулчихсан аж. Харин Спрейтцер шорондоо суусаар үлдэж. Спрейтцерыг мөрдөн байцаах явцад нэг хачирхалтай зүйл болов. Түүнийг анхны хохирогч олдсон хэргийн газар аваачихад нөгөөх “Туулайн хөл” зочид буудлын үүдний бүртгэгч Спрейтцерыг таньжээ. Спрейтцер нь 1981 оны хавар тус зочид буудалд хэсэг хугацаанд амьдарч байсан аж. Тэгэхдээ ганцаараа биш өөр хэдэн хүнтэй амьдарч байсан гэж мэдүүлэв. Мөрдөгчид түүнд хэдэн хүний зургийг үзүүлэхэд бүртгэгч Робин Гатчын зургийг хараанд “Энэ хүнтэй” гэж. Тэр бүртгэгчийн мэргэжлийн ой санамжийг биширхээс биш яахав. Гэтэл Спрейтцер, Гатч хоёртой өөр хоёр ч залуу хамт амьдарч байсан тухай бүртгэгчийн мэдүүлэг мөрдөгчдийг сэрдхийлгэв. Тэдний нэр усын бүртгэгч санахгүй байв. Гэхдээ тэдгээр залуус явахдаа нэр дээрээ ирсэн шууданг илгээж байх хаягаа үлдээснийг нь гярхай, нямбай бүртгэгч хадгалсан байлаа. Хаягын дагуу Эндрю Кокорейлес, Том Кокорейлес гэдэг ах дүү хоёр амьдарч байв. Тэдний эсрэг мөрдөгчдөд ямар ч баримт нотолгоо байхгүй байлаа. Анхан шатны энгийн мөрдөн байцаалтыг “худал тодорхойлогч” аппарат дээр явуулахад Эндрю Кокорейлес эхний асуултанд бүдрэнгүүтээ л шууд хэргээ хүлээж эхэлсэн байна. Мөрдөгчдийн үзүүлсэн фото зургуудаас Лорейн Боровски и Роуз Бэк Дэвис нарыг өөрийн ах Томтой нийлэн алснаа хүлээжээ. Бусад аллагыг Гатч, Спрейтцер нартай бүлэглэн үйлдсэн гэдгээ ч хүлээсэн байна. Харин ах Томас нь хоёр аллага үйлдсэнээ л хүлээв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үхлийн бригад”-ын гишүүд болох ах дүү Кокорэйлес нар баригдаж хэргээ хүлээсэн тухай мэдээ цацагдаж эхлэхэд зугтаж оргосон Робин Гатч өөрөө цагдаагийн газар иржээ. Ингэж аймшигт алуурчдын баривчлах ажиллагаа нэг ч буун дуугүй болж өнгөрсөн байна. Энэ үеэр хотын захаас Сюзан Бейкер гэдэг 22 настай биеэ үнэлэгч бүсгүйн зэрэмдэглэгдсэн цогцос олджээ. Эл бүсгүй “үхлийн бригад”-ын хамгийн сүүлчийн хохирогч байв. “Үхлийн бригад”-ын гишүүд Эдвард Спрейтцераас бусад нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн аж. Хэдий “үхлийн бригадын” ахлагч Робин Гатч байсан ч Эдвард Спрейтцер цаазаар авахуулсан байна. Шүүхийн энэ шийдвэрийн талаарх маргаан одоо болтол намжаагүй байгаа билээ.