Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өчигдөр Германы “”Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгчээ. Уг ярилцлагадаа тэрбээр өөрийг нь хордуулсан хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг буруутгажээ. “Энэ хордлогын ард Путин байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Надад үүнээс өөр хувилбар байхгүй" гэж улс төрч ярьжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Томскоос Москва руу нисэх замдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. 8-р сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын "Чарите" эмнэлэгт эмчилнэ хэмээн тусгай онгоцоор авч явсан бөгөөд тэрээр 19 хоног ухаангүй байжээ. 9-р сарын 2-нд Германы засгийн газар Алексей Навальный нь “Новичок” бүлгийн бодисоор хордсон гэж мэдэгдсэн юм. Германаас гадна Франц, Шведийн лабораториудын шинжилгээний хариу Навальныйг Новичокоор хордуулсан гэж дүгнэсэн билээ. Одоо биеийн байдал нь “гурван долоо хоногийн өмнөхөөс хамаагүй дээрдэж, өдрөөс өдөрт сайжирч байгаа” гэж Навальный ярьсан байна. Эмч нар түүнийг зуун хувь биш юм гэхэд ерэн хувь эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Түүнчлэн Навальный эх орондоо заавал ч үгүй эргэж очих гэнэ. “Одоо миний зорилго бол юунаас ч айдаггүй байсан залуу хэвээрээ үлдэх. Би айгаагүй! Хэрэв одоо миний гар чичирч байгаа бол энэ нь айдсаас биш харин энэ хороос болж байгаа юм. Би Орост очилгүй хаа нэгтээ үлдэж Путинийг баярлуулмааргүй байна" гэж тэрбээр хэлжээ.