АНУ-ын тусгай албаныхан “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хордуулах буюу хулгайлахаар төлөвлөж байсан тухай The Guardian бичжээ. АНУ-ын тусгай алба Ассанжийг үгүй хийх тад дээр хамтарч байсан хувийн хамгаалалтын UC Global компанийн ажилтны ачаар энэ ажиллагааны нарийвчилсан мэдээлэл ил болжээ. Тэрхүү ажилтан Ассанжийг шилжүүлэн өгөх хэргийн гэрч болоод байгаа аж. Түүний хэлснээр 2017 онд Америкийн тусгай албаныхан UC Global-ийн тэргүүн Дэвид Моралест "илүү эрс арга хэмжээ" хэрэгжүүлэхийг санал болгож байжээ. "Тухайлбал Эквадорын Элчин сайдын яамны дотогш орж, Ассанжийг хулгайлах эсвэл хордуулахын тулд тус яамны хаалгыг онгорхой үлдээхийг санал болгосон” гэж гэрч шүүхэд мэдүүлсэн байна. UC Global компанийн удирдлага ажилтандаа дипломат төлөөлөгчийн газарт дуу бичлэг хийх чадвартай камер суурилуулж, шууд дамжуулалт хийхийг даалгажээ. Моралесын хэлснээр бол энэ нь "америк нөхөд" элчин сайдын яамны байранд болж буй зүйлийг бодит цаг хугацаанд харж, сонсохын тулд шаардлагатай байв. Эл даалгавар тухайн ажилтны сэтгэлийг нэлээдгүй түгшээсэн аж. Тэрээр даалгаврыг хийхэд техникийн хувьд боломжгүй гэж дээд дарга нартаа хэлэхэд Моралес түүнд дэлгэрэнгүй зааварчилгаа явуулсан байна. “Зааварчилгааг гуравдагч этгээд өгсөн нь илт байсан. Гэрчийн үзэж байгаагаар тэрхүү гуравдагч тал нь АНУ-ын тагнуулын алба байсан”гэж Ассанжийн өмгөөлөгч Марк Саммерс мэдэгджээ. АНУ-ын Хууль зүйн яам 2019 оны 5-р сард Ассанжид 18 зүйл ангиар ял тулгасан юм. Ассажийг АНУ-д шилжүүлэн өгсөн тохиолдолд WikiLeaks сайтыг үндэслэгч нь 175 жилийн хорих ялаар шийтгэгдэх ажээ. Хэрэв Ассанж 2016 онд Ардчилсан намын хакердсан серверүүдийн захидлын текстийг авсан эх сурвалжаа нэрлэвэл АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг уучлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. 2012 онд хүчингийн хэргээр (хэргийг 2019 онд хэрэгсэхгүй болгосон) Швед руу шилжүүлэгдэхээсээ айсан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас орогнол хүссэн юм. Тэрбээр тус дипломат төлөөлөгчийн газар бараг долоон жилийн турш орогносон. Одоогоор Ассанж батлан даалтын нөхцлийг зөрчсөн хэргээр Их Британид ял эдэлж байгаа юм