Уулын Карабах дахь мөргөлдөөн намжихгүй гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр байлдааны ажиллагаа тус хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын хил хязгаараас халин гарчээ. Арменийн Варденис хотод байрладаг (нийслэл Ереван хотоос 170 км зайд оршдог) цэргийн анги буудлагад өртсөн байна. Үүнээс гадна хил орчмын ойролцоо Ираны нутаг дэвсгэр дээр хэд хэдэн пуужин унажээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Урьдчилсан мэдээллээр пуужингуудыг Азербайжаны цэргийнхэн Армений бай руу онилж харвасан байна.Өмнө нь Арменийн Батлан хамгаалах яамнаас мэдээлж байсанчлан тус улсын цэргийн ангиуд дайсны хэд хэдэн дайралтыг няцаасан аж. Азербайжаны Батлан хамгаалах яам өөрийн зүгээс Уулын Карабах дахь Арменийн мотобуудлагын хороо болон зэвсэгт хүчний цувааг бүрэн устгасан тухай мэдээллээ.