Өнөөдөр буюу Мягмар гарагт /2020.09.29/ Охайо мужийн Кливленд хотод АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байден нарын анхны мэтгэлцээн болох талаар BBC агентлаг мэдээлэв. Мэтгэлцээнийг Fox News телевизийн сэтгүүлч Крис Фоллес хөтлөн явуулах бөгөөд АНУ-ын томоохон телевизийн сувгууд шууд дамжуулах юм байна. Нэг цаг хагас үргэлжлэх арга хэмжээний үеэр нэр дэвшигчид коронавирустай холбоотой нөхцөл байдал, эдийн засаг, санал хураалтын аюулгүй байдал, Америкийн хотуудад болж байгаа эсэргүүцэл зэрэг нийт зургаан үндсэн сэдвээр мэтгэлцэх аж. Өмнө нь ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден мэдэгдэхдээ Трамп гадаад дотоод аль ч бодлогыг гүнзгий мэддэггүй, мэтгэлцээнээр унана гэсэн бол Трамп мэтгэлцээний өмнө хориотой эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ өгөхийг өрсөлдөгчдөө хандан уриалжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван нэгдүгээр сарын 3-нд болох юм.