БНАСАУ-ын усан бүсэд сэлж нэвтэрсэн Сеулийн албан тушаалтныг Хойд Солонгосын хилийн эргүүлүүд буудаж, цогцсыг нь шатаасан тухай нотлох баримтуудын талаар БНСУ-ын Батлан хамгаалах яам баталж чаджээ. Энэ тухай Yonhap агентлаг мэдээлэв. “Хойд Солонгост Сеулийн албан тушаалтны цогцсын шатаах зааварчилгаа өгсөн гэдгийг Үндэсний Батлан хамгаалах яам тагнуулын ажилтнуудаар дамжуулан баталж чадлаа” гэж Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Ардын эрч хүч” намын төлөөлөгч Жу Ху Ён хэлснийг тус агентлаг иш татсан байна. Харин Хойд Солонгосын зүгээс мэдэгдсэнээр бол тус улсын эргүүл Сеулийн албан тушаалтны Хойд Солонгосын усан бүсэд сэлж нэвтрэхдээ хэрэглэж байсан зүйлийг авч шатаасан бөгөөд цогцос нь олдоогүй гэжээ. Өмнөд Солонгосын Далайн болон загас агнуурын яамны хяналтын газрын 47 настай ажилтан 9-р сарын 21-ний өдөр Хойд Солонгосын усан бүсийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байхдаа шалгалтын завин дээрээс алга болжээ. Дараа нь түүнийг БНАСАУ-ын хилийн эргүүл олоод буудсан тухай мэдээлсэн билээ. Уг албан тушаалтан БНАСАУ руу зугтахыг хүссэн учраас Хойд Солонгосын усан бүсэд сэлж нэтэрсэн гэдэгт Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан итгэлтэй байгаа аж. Хэрэг гарсан бүсийн усны урсгалын талаарх дүн шинжилгээг үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Өмнөд Солонгосын шинжээчдийн мэдэгдэж буйгаар талийгч "зориудаар өөрөө Хойд Солонгосын бүс рүү сэлээгүй л бол тэр өдрийн урсгалын чиглэлээр бол тухайн газарт очих боломжгүй" гэсэн байна. Өмнө нь Сеул Хойд Солонгосын “хүнлэг бус” цэргийнхэн хүнд туслаагүй төдийгүй буудаж алаад, дараа нь цогцсыг нь шатаасан гэж буруутгасан аж. Хойд Солонгосын тал энэ талаар тайлбарлахдаа “хил зөрчигчийг илрүүлээд, өөрийнхөө нэр усыг хэл гэж олон шаардан, агаарт анхааруулан буудсаны дараа зөрчигчийг устгасан” гэсэн байна. Буудуулсны дараа хил зөрчигчийн цогцос усанд доогуур орж алга болжээ. Уг хэрэг явдлын үйл явцыг хоёр Солонгос өөр өөрөөр тодорхойлж байгаа тул өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүл Пхеньянаас хамтарсан шалгалт явуулахыг уриалсан байна