НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас нас барсан хүний тоог “цочирдом” хэмээжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхий дээр COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо 1,000,555 хүрчээ. “Манай ертөнц аймшигтай хязгаарт хүрээд байна. Энэ бол цочирдом тоо. Нас барсан хүн бүр тус тусын амьдралтай, хэн нэгний ээж, эцэг, ах, эгч, найз нөхөд нь байсан гэдийг бид мартаж болохгүй” хэмээн тэрбээр хэлэв. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр коронавирусийн үр дагавраас үүдсэн цочролд төгсгөл байхгүй аж. Тэрбээр хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав. “Бид энэ сорилтыг давж чадна. Гэхдээ алдаанаасаа суралцах ёстой. Удирдлага хариуцлагатай байх нь чухал. Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа чухал” хэмээн тэрбээр цохон тэмдэглэхийн сацуу бүгд зай барьж, амны хаалтаа зүүж, гараа угаах дадлаа хаяхгүй байхыг уриалжээ.