"New York Times" сонин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Холбооны засгийн газарт төлсөн татварын мэдээллийг ил болгожээ. “Д.Трамп 2016 онд буюу сонгуульд ялсан жилдээ 750 ам.доллар, 2017 онд мөн л 750 орчим ам.долларын татвар төлсөн” гэж тус сонинд бичжээ. Үүнээс гадна түүний эзэмшдэг Trump Organization компани тайланд тусгагдсан 18 жилийн хугацааны 11 жилд нь ашиггүй ажилласан шалтгаанаар огт татвар төлөөгүйг харуулжээ. Ерөнхийлөгч Трамп Ням гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа уг мэдээллийг “бүхэлдээ худал хуурмаг зүйл” гэж няцаажээ. “ Эл мэдээлэл бүхэлдээ худал зүйл. Би үнэндээ татвар төлж байсан. Аудитын шалтгалт дууссаны дараа би татварын тайлангаа та нарт үзүүлнэ. Үнэнийг хэлэхэд Холбооны Татварын Алба надтай тийм ч сайн харилцаатай байдаггүй” гэж тэрбээр хэлсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн өрсөлдөгчид нь Трампаас татварын мэдээллээ ил болгохыг удаан хугацааны турш шаардаж байв. Гэвч тэр 1970-аад оноос хойш татвар төлөлтийн мэдээллээ ил болгохыг эсэргүүцсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Д.Трамп 1985-1994 онд их хэмжээний алдагдал хүлээсний улмаас 10 жилийн 8-д нь татвараас зайлсхийж байсан талаар “New York Times” сонин өмнө нь ч мэдээлж байсан юм. Тус сонин ойрын хугацаанд Д.Трампын татварын талаарх нэмэлт баримт бичгийг нийтлэх гэнэ.