Ням гарагийн өглөө Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахын суурин газрууд тэр дундаа нийслэл Степанакерт хотыг бөмбөгдсөн тухай Армений Гадаад хэргийн яам мэдэгджээ. Арменийн тал уг давшилтыг амжилттай няцааж байгаа бөгөөд мөргөлдөөний үеэр Азербайжаны хоёр нисдэг тэрэг, нисгэгчгүй гурван нисдэг аппаратыг устгасан тухай Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. “Энэ нөхцөл байдлын бүх хариуцлагыг Азербайжаны цэрэг-улс төрийн удирдлагууд хүлээнэ” гэж тус мэдэгдэлд онцолжээ. Азербайжаны Батлан хамгаалах яам өөрийн зүгээс”Есдүгээр сарын 27-ны өглөөний 06:00 цаг орчимд Армены Зэвсэгт хүчин томоохон өдөөн хатгалга явуулж, фронтын бүх шугамын дагуух Азербайжаны армийн байрлалууд болон фронтын урд талын бүсэд байрлах манай суурингууд руу том калибрын зэвсэг, мина харвуул болон их буугаар хүчтэй гал нээсэн” гэж мэдээлжээ. Уг нөхцөл байдалтай холбогдуулан Арменийн эрх баригчид цэргийн онц байдал зарлаж 55 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг дайчилж эхэлжээ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабах Бүгд Найрамдах Улсын удирдлага ч адил арга хэмжээ авчээ. Цэргийн онц байдал Азербайжан улсад өнөөдөр буюу Даваа гарагт /2020.09.28/ хэрэгжих аж. 1988 оны 2-р сард Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрээлдэхүүнээс гарч байгаагаа зарласны дараа Карабахын мөргөлдөөн эхэлсэн юм. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үр дүнд Азербайжан улс Уулын Карабах болон зэргэлдээ долоон бүс нутагт хяналтаа алдсан аж. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна.