АНУ-ын Луисвилл хотод болсон эсэргүүцлийн жагсаал үймээн самууны дараа гурав өдрийн хөл хорио Пүрэв гарагт шилжих шөнөөс эхэлж тогтоожээ. Энэ тухай тус хотын Цагдаагийн ерөнхий газар Твиттер хуудсаараа мэдээлсэн байна. "Хотын даргын эрх мэдэлд үндэслэн хөл хорио гурван өдөр 21: 00-06: 30 цагийн хооронд хэрэгжиж эхэлнэ. Иргэд ажил, хөдөлгөөнөө урьдчилан төлөвлө" гэж цагдаагийн газар Луисвиллийн оршин суугчдад хандан бичжээ. Хөл хориог Лиусвилл хот оршдог Жефферсон тойрогт нийтэд нь зарласан байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (ХМБ) орон нутгийн салбар Лхагва гарагт болсон мөргөлдөөний үеэр хоёр цагдаа шархадсан нөхцөл байдлыг тогтооход туслахыг олон нийтээс хүсчээ. Өмнө нь хотын цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Роберт Шредер хууль сахиулах байгууллагын хоёр ажилтныг шархдуулсан хэргийн сэжигтнийг баривчилсан тухай мэдээлсэн аж. Луисвилл хотод эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун Лхагва гарагт тус хотын эрх баригчид Африк гаралтай америк иргэн Брион Тейлорын үхэлтэй холбогдуулан цагдаагийн албан хаагчдыг хүн амины хэрэгт буруутгахгүй гэж мэдэгдсэний дараа эхэлжээ. Брион Тейлорыг өнгөрсөн гуравдугаар сард цагдаа нар гэрт нь буудаж хөнөөсөн аж. Тэдгээр гурван хууль сахиулагчид хар тамхи хадгалдаг гэж үзсэн байранд оржээ. Байранд Тейлор болон түүний найз залуу байж байсан бөгөөд залуу цагдаа нарын өөдөөс гал нээсэн байна. Энэ үеэр орондоо унтаж байсан Тейлор бүсгүй алагджээ. Энэ хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг ихээр татсан байна. Жагсагчид тэдгээр цагдаа нарт хэтэрхий зөөлөн хандсан гэж үзэж байгаа аж. Гурван цагдаагийн нэгийг яллагдагчаар татсан ч хүн амины хэрэгт биш харин үйл ажиллагааныхаа үеэр орон сууцны оршин суугчдад үндэслэлгүй аюул заналхийлсэн хэмээн буруутгажээ.