Александр Лукашенкогийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн жагсаал Беларусь улс даяар болж байна. Хэдэн арван мянган хүн Минск, Гродно,Гомиль,Борисов, Могилев хотуудад жагсаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ удаа хүчнийхэн сонгуулийн дараах эхний өдрүүдтэй харьцуулахад жагсагчдад харьцангуй зөөлөн хандсан ч баривчлах ажиллагаа ихээр явагдсан байна. Минск хотод жагсагчид эхлээд “Минск –город герой” баганын дэргэд цуглаж, тэндээс хүчнийхэнд хөөгджээ. Түүнчлэн “Победители” өргөн чөлөөнд цугласан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар ус шүршигч машин ашигласан байна. Жагсагчид “Гутамшиг!”, хэмээн хашхирцгааж, хүчнийхний автобусны цонхыг гараа зангидан цохицгоож байсан байна. мэдээлжээ. Хүний эрхийн “Виасна” төвийн мэдээлснээр хүчнийхэн 150 гаруй жагсагчдыг саатуулаад байгаа аж. Лукашенкагийн тангараг өргөх ёслолыг урьдчилан олонд зарлаагүй байна. Ёслол Минскийн Тусгаар тогтнолын ордонд хаалттай хаалганы цаана болжээ. Арга хэмжээний үеэр цагдаа, цэргийн нэмэлт хүчийг хотын төвд татан оруулсан бөгөөд хамгаалалтын алба ордны ойр орчныг бүсэлсэн аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановская ард түмэн"шинэ мандат өгөөгүй" тул Лукашенко тангараг өргөх ёслолоо "ард түмнээс" нууцаар зохион байгуулсан гэж мэдэгджээ. Герман, Словак, Литв, Латви, Эстон, Украин, АНУ зэрэг улс Лукашенког хууль ёсны сонгогдсон ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.