Болгар улс Оросын хоёр дипломат ажилтныг хөөн гаргасан талаар Софи дахи ОХУ-ын Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа мэдээлжээ. "Софи дахь Оросын Элчин сайдын яамны элч зөвлөхийг Болгарын Гадаад хэргийн яаман дээр урьж авчраад, 1961 оны дипломат харилцааны тухай Венийн конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнуудыг "persona non grata" тааламжгүй этгээд гэж зарлаж байгаа талаарх нот бичиг гардууллаа" гэж мэдээнд бичжээ. Үүний зэрэгцээ Болгарын Ерөнхий газраас ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын хоёр ажилтан тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон тухай мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад 2016 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын хоёр иргэн Болгарын армийг шинэчлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хайж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг тогтоов. Тэдний зорилго бол цуглуулсан төрийн нууц мэдээллээ Оросын цэргийн тагнуулын албанд шилжүүлэх явдал байв” гэж тэмдэглэжээ. Эдгээр хоёр сэжигтэн аль аль нь дипломат статустай тул тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд 72 цагийн дотор Болгар улсыг орхих мэдэгдэл өгсөн тухай тус мэдэгдэлд дурджээ. Гэхдээ ийнхүү дипломатуудыг хөөн гаргахдаа тэдний статустай зөрчилдөх үйл ажиллагаа эрхэлсэн гэх нотлох баримтыг Болгарын тал гаргаагүй талаар ОХУ-ын Элчин сайдын яам цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Болгар улс мөн л Оросын хоёр дипломат ажилтныг хөөн гаргасан юм. Тэднийг Болгар улсын эрчим хүч болон сонгуулийн тухай мэдээлэл цуглуулсан гэж буруутган нутаг дэвсгэрийг нь орхихыг шаардсан юм . Үүний хариуд Москва мөн адил Болгарын дипломатуудыг хөөн гаргасан байна.