АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден өнгөрсөн онд хэвлүүлсэн “Permanent Record” /Хувийн хэрэг/ номынхоо борлуулалтаас болон олон нийтийн өмнө үг хэлж олсон мөнгөнөөсөө 5 сая ам.долларыг Америкийн Засгийн газарт төлөхөөр болжээ. Энэ тухай даваа гарагт CNN суваг шүүхийн баримтаас иш татан мэдээлэв. Америкийн эрх баригчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.Сноудений дурдатгал ном нь түүнийг АНУ-ын тусгай албад ажиллахдаа нууцыг зардуулахгүй гэсэн тохиролцоог зөрчсөн хэмээн дурджээ. Тиймээс түүний “Хувийн хэрэг” номын борлуултаас оолсон бүх орлого АНУ-ынх болно гэж хэмжлэгч тал үзсэн байна. CNN –ийн мэдээлснээр энэ сарын байдлаар Сноудэн тус номын борлуултаас 4,2 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Номноос гадна Сноуден нийт 56 илтгэл явуулж, тэндээсээ 1.03 сая ам.долларын орлого олсон байна. Дээр дурдагдсан хэмжээний мөнгө төлөх төлөвлөгөөг шүүх хараахан батлаагүй байгаа гэнэ. Э.Сноуден шүүхээс өмнө нь гаргасан шийдвэрүүдийг давж заалдахаар төлөвлөж байгаа учир Засгийн газартай гэрээ байгуулснаараа эрх баригчид дээр дурдагдсан мөнгийг шууд авна гэсэн үг биш болохыг Э.Сноудены өмгөөлөгч онцлон тэмдэглэжээ. 2013 онд Э.Сноуден гадаадын төрийн тэргүүн нарын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын Тагнуулын байгууллагын цахим хяналтын аргуудын талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөшгөлтөөс зугтаж, зарим улс орон руу орогнох хүсэлт илгээсний дотор ОХУ байсан ажээ. 2014 оны 8 дугаар сард тэрбээр ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим дахин гурван жилээр сунгуулжээ. Э.Сноуденийг АНУ-д тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэмээн буруутгадаг байна. Тэрбээр энэ заалтуудыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зүйл анги тус бүрд наад зах нь 10 жил хоригдох ял сонсох юм. АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнууд Э.Сноуденийг урвагч хэмээн үзэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан тул түүнийг өршөөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.