Японд коронавирусийн эмчилгээнд зориулсан "Авиган" ("Фавипиравир", "Фавилавир") эмийн эмнэл зүйн туршилтууд дуусжээ. Энэ бэлдмэлд маш их найдвар тавьж байгаа бөгөөд одоо шинжээчид туршилтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж эхэлсэн тухай Киодо агентлаг эм үйлдвэрлэгч Fujifilm Holding компанийн эх сурвалжийг дурдан мэдээлэв. Эхэндээ тус компани 5-р сарын сүүлчээр туршилтуудаа хийж дуусгахаар төлөвлөж байсан боловч туршилтын хугацааг нэг сараар хойшлуулан сунгасан байна. Гэсэн хэдий ч энэ компани шаардлагатай 96 өвчтөнийг туршилтад татан оролцуулж чадаагүй бөгөөд энэ нь шинэ халдварын тоо буурсантай холбоотой аж. Үүний дараа туршилтын дуусах хугацааг удаа дараа хойшлуулсан байна. Энэ эмийг зургаан жилийн өмнө томуу болон томуу төст өвчнийг эмчлэх зорилгоор гаргаж авсан аж. Гэсэн хэдий ч дараа нь амьтдад хийсэн туршилтаар ургийн хөгжлийн явцад гаж нөлөө үзүүлсэн байна. Тиймээс уг бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглож, бусад бүх эмүүд үр дүн өгөөгүй тохиолдолд засгийн газрын тусгай тушаалаар эмчлэх эмийн жагсаалтад оруулжээ. Үүний зэрэгцээ Хятадын эмч нар уг эмийг шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэлтэй уушгины хатгалгааг эмчлэхэд үр дүнтэй болохыг тогтоожээ. Японд хоёр сая хүнийг эмчлэхэд хангалттай “Авиган” эмийн нөөц байгаа гэнэ. Цар тахал эхэлснээс хойш Японд 80283 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1526 хүн нас барж,72063 хүн эдгэрээд байгаа аж.