Германы “Чаритэ” эмнэлэгт эмчлүүлж байгаа Оросын нэрт сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хүнд хордсоныхаа дараа хэрхэн эдгэрч байгаа талаар энэ сарын 19-нд өөрийн Инстаграм хуудсаараа хуваалцжээ. Улс төрчийн хэлснээр тэрбээр өөрөө ус аягалж, утас ашиглаж чадахгүй байгаа бөгөөд саяхныг хүртэл ярьж ч чадахгүй, хэнийг ч танихгүй байсан гэнэ. "Өглөө бүр эмч над дээр ирээд “Алексей, би самбар авчирлаа, ямар үг бичихээ бодъё” гэдэг байлаа. Энэ нь намайг бүр цөхрүүлж орхино. Яагаад гэвэл би эмчийн юу хүсэж байгааг ерөнхийд нь ойлгоод байгаа ч тэр үгсийг хаанаас авахаа мэдэхгүй байв "гэж Навальный ярьжээ. Түүний ярьж буйгаар шатаар өгсөхөд хөл нь чичирч байгаа аж. Гэхдээ урд нь шат байна гэдгийг ойлгодог болсон гэнэ. Авилгатай тэмцэх сангийн үүсгэн байгуулагч Алексей Навальный 8-р сарын 20-нд Томскоос Москва руу нисч яваад онгоцонд бие нь гэнэт муудсан юм. Онгоц Омск хотод яаралтай бууж улс төрчийг тус хотын эмнэлэгт хэвтүүлсэн билээ. 8-р сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын "Чарите" эмнэлэгт эмчилнэ хэмээн тусгай онгоцоор авч явсан аж. Улс төрч 19 хоног ухаангүй байжээ. 9-р сарын 2-нд Германы засгийн газар Алексей Навальный нь “Новичок” бүлгийн бодисоор хордсон гэж мэдэгдсэн юм. "Бундесверийн тусгай лаборатори тодорхой үр дүнг танилцууллаа: Алексей Навальныйг мэдрэлд нөлөөлдөг “Новичок” бүлийн химийн бодисоор хордуулсан" гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн аж. Хожим Франц, Шведийн лабораториуд ч ижил дүгнэлтийг гаргажээ. ОХУ Алексей Навальныйгийн амь насанд халдах оролдлогод оролцсон гэх мэдэгдлийг Москва эрс няцааж байгаа юм.