Таиландын нийслэл Бангкок хотод хэдэн мянган хүн жагсаж хаант засгийн тогтолцоонд шинэчлэл хийхийг шаарджээ. Уг жагсаал сүүлийн хэдэн жил болоогүй том жагсаал болсон бөгөөд ойролцоогоор 50 мянган хүн оролцсон байна. Жагсаалыг оюутнууд зохион байгуулсан бөгөөд “Thammasat” их сургуулиас хааны ёслол явуулдаг байсан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилжээ. Цагдаа нарын мэдээлснээр ямар нэгэн хүчирхийлэл болоогүй байна. Тайландад долдугаар сараас хойш Ерөнхий сайд Прают Чаночаг огцрохыг шаардсан иргэдийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Прают Чаночаг нь 2014 онд төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарч, өнгөрсөн онд маргаан дагуулсан сонгуульд ялалт байгуулсан нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа аж.