Беларусийн эрх баригчид Литв болон Польш улстай хийлээ хааж, Украинтай залгаа хил дээрээ цэргийн хүчээ нэмэгдүүллээ гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукошенко өчигдөр мэдэгджээ. “Бид цэргүүдээ татаж, Өрнөдийн улсуудтай залгаа хилээ хаахаас аргагүй боллоо. Нэн тэргүүнд Литв, Польштой залгаа хилийг хаана. Тэд цаашид ямар алхам хийхийг мэдэхгүй. “Халуун” дайн үдүүлэхээс өмнө авч хэрэгжүүлэх цөөхөн арга тэдэнд үлдсэн. Тиймээс харамсалтай нь бид ах дүүгийн харилцаатай Украинтай залгаа хил дээр хүч нэмэгдүүлэхээс аргагүйд хүрч байна” гэж тэрбээр “Беларусийн төлөө” эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар барууныхан гаднын хөндлөнгийн оролцоо, санхүүгийн болон дипломат шахалтын үе шатанд оржээ. Лукашенко мөн ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайдтай хамт Холбоотны улсын батлан хамгаалах хүчийг бий болгохоос өөр аргагүйд хүрснээ тэмдэглэв. Өмнө нь төлөвлөгдөн зарлаж байсан одоо Беларусийн баруун хэсэгт явуулж буй "Славяны нөхөрлөл-2020" цэргийн сургуулилалтыг эрчимжүүллээ гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн хурц нөхцөл байдалтай холбогдуулан уг сургуулилалтыг хоёр үе шаттайгаар явуулна гэдгийг мэдээлжээ. Гэтэл Польшийн тал хоёр улсын хил хэвийн горимоор ажиллаж байгааг BBC агентлагт мэдээлсэн байна. “"Одоогоор манай талаар иргэд болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна. Беларусийн талаас юу болж байгааг бид мэдэхгүй" хэмээн Польшийн Хилийн хамгааллын Набужаны хэлтсийн төлөөлөгч ярьжээ. Мөн Литв улсын Дотоод хэргийн сайд Рита Тамашенене ч мөн хил хэвийн ажиллаж байгааг LRT радиод мэдэгджээ.