Роберт Дюбуаз хэмээх залууг 1983 онд хүчингийн хэргээр яллан, дээд хэмжээ ногдуулжээ. Дараа нь ялыг хөнгөрүүлж, бүх насаар нь хорихоор шийдсэн байна. АНУ-ын Флорида муж улсын шүүхийн шийдвэрээр өнгөрсөн наймдугаар сарын 27-нд Р.Дюбуазыг шоронгоос сулласан бөгөөд тэрбээр уг гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй байсан болохыг баталсан гэнэ. Өнгөрсөн 37 жилийн турш бусдын өмнөөс ял үүрсэн тэрбээр өдгөө 60 настай. Түүний ДНХ-ийн дээжийг хэргийн материалтай харьцуулж үзэхэд ялтан уг хэрэгт холбоогүй болох нь тогтоогдсон аж. Хууль бусаар ял шийтгүүлсэн хүмүүст туслах зорилготой “Innocence рroject” ашгийн бус байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажилласны үр дүнд Р.Дюбуазыг гэм буруугүйг тогтоосон байна. Өдгөө түүнийг Тусгай төвд түр байрлуулж буй гэнэ. Тэрбээр нийгэмдээ дасан зохицох хэрэгтэйг тус байгууллагынхан мэдээлжээ. 37 жил хилсээр ял эдэлсэн түүнд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгох бөгөөд одоогоор хэмжээ нь тодорхойгүй гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, хилс хэрэгт холбогдсон олон арван хүн “Innocence рroject” байгууллагын ачаар суллагдсан байдаг. Хамгийн сүүлд гэхэд, энэ оны нэгдүгээр сард шоронгоос суллагдсан, 62 настай Ж.Томас 1991 онд бусдын биед халдсан хэргээр 50 жилийн ялаар шийтгүүлжээ.
Мөн 39 жил хилсээр хоригдоод 2019 онд суллагдсан Крейг Коли нөхөн төлбөрт 21 сая доллар авсан бөгөөд энэ нь хүний амьдралыг хэдхэн “цаасаар” үнэлж байна хэмээн нийгмийн хурц шүүмжлэлтэй тулгарч байлаа. Түүний талаар товчхон хүргэе.
АНУ-ын иргэн тэрбээр өдгөө 72 настай, суллагдахдаа 71-тэй байв. 1978 оны намар Калифорний муж улсын Сими-Вэлли хотын шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв. Найз бүсгүй Ронда Вихт, түүний дөрвөн настай хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Крейгийг хоёр хүн гэрчилсэн бөгөөд тэд “Би түүнийг харсан санагдаж байна” хэмээжээ. Ердөө энэ үг түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байна. Крейг Вьетнамын дайнд оролцсон нэгэн бөгөөд аллага болсон үед 31 настай байв. Зоогийн газрын ажилтан тэрбээр ажлаа тарж, харих замдаа уулзаагүй удсан андтайгаа таарч, хууч хөөрсөөр бараг үүр цайлгасан гэдэг. 04.45 цагт нэлээд согтуу гэр лүүгээ явжээ. Гэртээ очоод унтахаар хэвтээд удаагүй байтал хаалгыг нь хүчтэй балбажээ. “Үүдээ нээ, цагдаа байна” гэсний дагуу тэднийг дотогш нэвтрүүлэхэд ямар ч тайлбаргүйгээр шууд нэгжлэг хийж эхэлсэн гэнэ. Ингээд хүүхдийн, цус болсон цамц, алчуур олж, хэнийх болохыг нь асуухад “Мэдэхгүй” гэж хариулсан түүнд цагдаа нар гав зүүжээ. Ронда болон түүний хүү Дональдын аминд халдсан хэргээр баривчлагдсан Крейг найз бүсгүйгээсээ салаад хэдэн долоо хоног болсон байжээ. Энэ нь түүнийг хүн амины хэрэгт сэжиглэх ноцтой шалтгаан болсон гэж үздэг.
2017 онд Крейгийг өршөөлөөр суллажээ. 39 жилийн дараа түүнийг буруугүй болохыг дэвшилт технологийн үр дүнд баталсан аж. Цагдаагийнхан жинхэнэ алуурчныг тогтоосон ч өдий хүртэл олоогүй гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Хаан