Мехман Караханоглю
Манай зохиолч, яруу найрагчдын бүтээл англи, франц, орос, хятад болон бусад хэлнээ орчуулагдан, гадаадын уншигчдын хүртээл болж, тухайн улс орныхоо уран зохиолын судалгаанд орж байгаа нь цөөнгүй. Азербайжан улсын уран зохиолын судлаач Мехман Караханоглю зохиолч Д.Энхболдбаатарын “Арванхоёрдугаар сарын бүсгүй” өгүүллэгийн тухай бяцхан шүүмж бичсэнээ урлаг, уран сайхны kulis.az цахим хуудсанд саяхан нийтэлснийг толилуулж байна. Тэрбээр монгол зохиолчийн өгүүллэгийг Египетийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Нажиб Махфоузын “Мөрөөдлийг буудах нь” өгүүллэгтэй харьцуулан жишиж шинжилсэн нь сонирхол татаж байна.
Борхесийн хэлснээр уран зохиол бол “хянаж болох мөрөөдөл” билээ. Би түүнтэй санал нэгддэг. Харин “хянах боломжгүй мөрөөдөл” гэж бодвол яах бол? Намайг дэмжих хүмүүс ч бий байх. Бас үгүйсгэж, шинэ санаагаа дэвшүүлэх хүмүүс ч бий. Тэд ч гэсэн өөрсдийнхөө зөв л гэж бодно...
Тэр хүмүүст бид өөрсдийгөө зөвтгөж бичиж байна гэж санагдана. Үүнээс л болж бүх тэмцэл өрнөнө! Гэхдээ бид бодит болон сюрреалист хоёр ертөнцийн аль алинд нь үнэн гэж нэрлэдэг зүйл огт байхгүйг мартацгаачихсан. Харин урлаг бол хүний сэтгэлийг уургалан авч, үнэн оршин байдаг гэдэгт итгүүлэх гэж оршдог! Уншигчдынхаа нүд рүү эгцлэн харж, “Битгий хууртаарай. Яруу найрагчийн үг бол худлаа шүү” гэж хэлж чадсан цорын ганц уран бүтээлч бол магадгүй Фузули байх.
Харин Тарковский “урлагийн үндсэн зорилго бол хүнийг үхэлд бэлтгэх” хэмээн ангид бодсон. Үнэн хэрэгтээ Фузулигийн санааг “эсрэг өнцөг”-өөс баталж, “урлаг бол мэхлэгдсэн хүмүүсийг үхэлд бэлтгэдэг. Харин хууран мэхлэгдээгүй хүмүүсийн хувьд энэ бол хэцүү” гэсэн.
Ний нуугүй хэлэхэд би өөрийгөө мэхлэгдсэн хүмүүсийн нэг гэж боддог. Учир юу хэмээвээс “яруу найрагчийн үг” намайг хуурсаар л ирсэн. Гэхдээ kulis.az цахим хуудаснаас Нобелийн шагналт зохиолч Нажиб Махфоузын “Мөрөөдлийг буудах нь” (Махир Хамидовын орчуулгаар), Монголын зохиолч Даваадоржийн Энхболдбаатарын “Арванхоёрдугаар сарын бүсгүй” (Элвин Аббасбейлигийн орчуулгаар) нэртэй хоёр өгүүллэгийг олж уншаад худал хуурмагт итгүүлж чадах урлагийн ер бусын “гайхамшиг”-ийг төсөөлөөгүй ээ. (Энэ бүхний эхэнд “гоо зүй” гэж бичих хэрэгтэй байх л даа).
Нажиб Махфоузын (1911-2006) “Хүүхдийн диваажин” өгүүллэгт гардаг “хүссэн чинээндээ бичиж чадахгүй байна” гэсэн хэсгийг унших зуураа яаж ийм олон сюрреалист, далд зүйлийг ердийн харилцан ярианд багтааж чадна вэ гэж бодоход хүрсэн. Та бүхэн санаж байгаа бол жаахан охины аавтайгаа өрнүүлсэн харилцан яриа маягаар энэ өгүүллэгийг бичсэн байдаг. Миний бие уран зохиолоор өвчилснийхөө хувьд стереотип гэдэг ойлголтоос хараахан ангижраагүй шиг байгаа юм. Яагаад харилцан яриа тийм энгийн байх ёстой гэж? Орчлон ертөнцтэй харилцах гол харилцаа маань түүгээр илэрдэг биш гэж үү? Ямар учраас харилцан яриа чухамхүү “дүртэй” харилцах хэрэгсэл болчихдог юм бэ? Яагаад харилцаж байгаа хүнээсээ ямар нэгэн юм сурч авахад чиглэсэн, хоёр нүүртэй, энгийн тоглоомын загвар болох ёстой гэж? Яахаараа харилцан яриа бичвэр дүүргэхэд л анхаарах ёстой вэ?
Ялангуяа киноны харилцан яриа сонсохоор ичмээр. Олон ангит кино бол бүр авах юмгүй. Энгийн туршилт санал болгоё л доо. Та үзэж байгаа киноныхоо харилцан яриаг холхноос сонсвол орчуулгынх уу, үгүй юү гэдгийг өлхөн ялгачихна. Цааш нь үргэлжлүүлэн сонсоод байвал эхний богинохон харилцан ярианаас л ямар кино вэ гэдгийг мэдэж болно. Тэр ч бүү хэл, кино яаж төгсөхийг хүртэл хэлээд өгнө. Тэр тусмаа манай түүхэн кинонууд маш муу байна аа.
Манай ихэнх өгүүллэг ч гэсэн иймэрхүү л байна. Гэхдээ өгүүллэгийн хувьд харилцан яриа эхлээд хоёр хүний дунд өрнөж байгаад цааш гурав, дөрөв, тав, зургаа гэсээр 10 хүний хооронд болж, нэг л хүнтэй харилцдаг. Тэдний дундаас нэг нь ч юу болж байгаа тухай асуухаа шийдэхгүй. Зохиолч “уламжлалт бөгөөд бэлгэдлийн энэ хүмүүс”-ийг хаашаа чиглүүлэхийг урьдчилан таахад хэцүү гэж бодож байна.
1988 онд Нажиб Махфоузыг Нобелийн шагнал хүртэхэд “Түүний зохиол бүтээл хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болсон Арабын үргэлжилсэн үгийн урлагийг бий болгосон хийгээд зохиолууд нь заримдаа илэрхий реалист, заримдаа далд полисемантик байдагт оршино” хэмээн цохон тэмдэглэснийг эргэн санахыг хүслээ.
“Далд полисемантик...”. Зохиолчид энэ шинжийг гагцхүү оюун ухаандаа найдан, уран зохиолд хиймлээр хөрвүүлэх боломжгүй юм. Гэвч яруу найраг болон үргэлжилсэн үгийн зохиолын аль алинд үүнийг даган дуурайгч олон байгааг хүлээн зөвшөөрцгөөе. Ялгааг нь амьдрал та бүхэнд өөрөө харуулна. Тийм шинж тэмдэг нууцлаг зүйлээр биеэ далдалдаг. Амьдрал дээр яг ийм шинж тэмдэгтэй үүсгэх “харилцан яриа”-г хүн л бий болгодог. Тэгэхгүй бол тэд усан дээр нэмж хийсэн тос уусахгүй, гадаргуу дээр нь хөвөх лугаа адил бөлгөө.
100 уншигч нэгэн цагт “Мөрөөдлийг буудах нь” өгүүллэгийг уншлаа ч бүгдээрээ өөр өөр санаа бодол илэрхийлнэ. Яагаад гэвэл энэ өгүүллэг хүний сэтгэлийг сэргээх, унагаах ид шидтэй.
1. Чахша үйлчлүүлэгч “ангуучилдаг” мянга мянган жирийн худалдаачдын нэг юм.
2. Хэзээ ч өөрийгөө бусадтай бүү харьцуул. Өөрөөр хэлбэл, хувь тавилангаа хэн нэгнийхээр бүү өөрчил. Чахша хэзээ ч Курс болохгүй.
3. Тэр цэвэрхэн хувцаслаж, баячуудын иддэгийг иднэ. Эмгэнэлт явдал эндээс л эхэлж байна. Дэмий бүү мөрөөд! Байгаа бүхэндээ талархаж сур!
4. Бүсгүйчүүд ямагт гамшиг зовлонгийн бай байдаг. Зөгнөл ч бас тэдний нэг билээ.
5. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэн нэгнийхийг бүү баллаж сүйтгэ! Зөвхөн Чахшагийн бус, олон олон хүний мөрөөдөл энд үгүй болно. Харгис хэрцгий мөрөөдлөө биелүүлэх гэж хэчнээн олон хүний мөрөөдлийг энд газарт булшилж байгааг та харна.
6. Дорнын сэтгэлгээнд наймаа бол халал (зөвшөөрөгдсөн, эсвэл хууль ёсных) байх ёстой. Гэтэл Чахша энэ байдлыг зөрчдөг.
7. Хамгийн харгис хулгайч хүртэл ийм өмдийг тоож авахгүй. Харин зэрлэг мөрөөдөл Чахшаг харалган болгож, түүний төлөө явахад хүргэдэг.
8. Хүний мөн чанарын бүхий л харгислал гэнэтийн нөхцөл байдалд тод илэрдэг. Достоевский бол энэ талаар бичсэн хамгийн агуу хүн юм. Тэр галт тэргэнд Чахшагийн огт танихгүй зорчигч дүүрэн байсан.
9. Амьгүй болсон Чахшагийн бие төдийгүй аль хэр хүйтнийг нь мэдэхгүйгээр өмд, хувцасгүй шалдан яваа олон зорчигч сэтгэл эмтрүүлдэг.
Өгүүллэгийн гарчиг бас сонирхолтой. Гарчиг нэлээд реалист бөгөөд метафор шинжтэй. Яльгүй стереотип. Зохиолч нууцлаг бичвэртээ зориуд ийм “энгийн” нэр өгч, уншигчийг төөрөгдүүлж байна. Ингэснээр уншигч өгүүллэгийг сонгон авч, юун тухай өгүүлж байгааг мэдэх хүсэл төрнө.
Ертөнцийг “өгүүллэг” гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрнө. Тэгвэл яг ямар төрлийн өгүүллэг вэ гэсэн асуулт урган гарна. Хариулт нь тун энгийн. Олон тал, олон нугалаа, олон далд санаатай өгүүлэл. Орчин үеийн өгүүллэгийн ихэнх нь зохиолчийнхоо ганц, их л бодож хоёр далд санааг агуулсан байдаг. Бид бичвэр доторх бичвэр, тэдгээрийн хоорондын холбоосын тухай яриагүй. Харин өгүүллэгийн олон талт байдлын тухай асуудал чухал гэдгийг хэлж байгаа юм. Олон талт бичвэр энгийн бүтцээс нарийн төвөгтэй рүү аажмаар шилждэг. Энэ нь геометрийн талстын адил байгалийн хамгийн олон өнцөгт гэсэн үг.
“Мөрөөдлийг буудах нь”, “Арванхоёрдугаар сарын бүсгүй” өгүүллэг хоёулаа нэг л түүхийг өгүүлнэ. Гэхдээ өгүүллэгийн өрнөл нь олон талт болох үндсийг тавьж өгч байна. Энэ нь зохиолч зөвхөн нэг зүйлийг гол болгоогүй, харин олон олон бэлгэдлийн асуудлыг өгүүллэгтээ багтаажээ гэсэн утгатай юм. Та бүхэн багахан төсөөлөөд үзээрэй. Өдөр тутам татан ордог хаалга чинь нэг бус, хэд хэдэн дурантай гэж бодъё. Өрөөний доторх нэг л янз боловч дуран бүр өөр өөрөөр харуулна. Энэ нь бодит байдлын хуурмаг дүрийг бий болгоно.
Арванхоёрдугаар сарын тэсгим хүйтэн монгол зохиолчийн “Арванхоёрдугаар сарын бүсгүй”-г “Мөрөөдлийг буудах нь”-тай холбож өгчээ. Энэ хоёр өгүүллэгт хоёуланд нь жигшүүртэй, хүйтэн өнгө аяс давамгайлдаг. Бяцхан хөвгүүн 23 дугаар давхарт гарахаар явж байхдаа цахилгаан шатанд хотын бүх эрсийн дурлал, бахархлын шүтээн болсон арванхоёрдугаар сарын бүсгүйтэй санамсаргүй тааралдаж, алмайран гайхширдаг. Бүсгүйн цахилгаан шатанд орсон гол зорилго нь шатаар дээш, доош өгсөж, уруудан тоглох л байв. Яг үнэндээ бүсгүй олны танил, сэтгүүлийн арванхоёрдугаар сарын бүх дугаарт зураг нь гардаг, үнэхээр “тансаг амьдрал”-тай нэгэн байлаа. Эцэст нь өнөөх сахилгагүй бүсгүй улаан өнгөтэй товчлуур дээр дарж, 18, 19 дүгээр давхрын хооронд цахилгаан шатыг зогсоогоод, шилэн ханатай бүхээгээс ил харагдах хотыг хүүд танилцуулдаг. Бүсгүй 369 жилийн настай дүүжлүүрийн тавцанг хуруугаараа заагаад, “Тэр хар даа! Энэ бол манай хотын бахархал”, гадаадын сонин хэвлэлд манай хотыг “соёлын хот” гэж бичиж, хотын 22 дахь дарга дүүжлүүрийн тавцанг “хотын бахархал” хэмээн нэрлэсэн” гэдэг.
“Та зургаа санаанд оромгүй байдлаар авхуулдаг шүү” гээд хүү “Яагаа вэ, хотын даргыг байшингийн дээвэр дээрээс буудах гэж байгаа, таксины жолоочийг алгадаж байгаа, бас жорлонгийн суултуур луу бөөлжиж байгаа зургууд тань их гоё оо. Бас тэр олон ноёны хөлний дундуур мөлхөж буй зураг байна. Ялангуяа тэр гахайнуудын дунд унтаж байгаа зураг тань... харахаар л бие хачин болоод явчихдаг юм аа” гэж бага зэрэг ичингүйрсэн хүү чин сэтгэлээсээ хэллээ”.
Яг үнэндээ энэ бол бидний амьдарч буй харгис ертөнцийн дүр зураг юм. Энэ өгүүллэгт хоёр өөр соёл иргэншлийн зөрчилдөөн харагддаг. Нэг талаас дүүжлүүрийн тавцангаас өөр гайхуулаад байх юмгүй хуучин соёл иргэншил, нөгөө талаас адгуу хотжилтоос болоод ухаанаа алдсан өршөөлгүй, хиймэл соёл иргэншил харагдана. Ийм иргэншил хүний оюун санааг ноёрхохыг хүсдэг. Гэхдээ энэ хоёрыг сөргөлдүүлэх бас буруу. Хуучин модон дүүжлүүр, зураг авахуулах элдэв янзын эвгүй байрлал хоёр мянга мянган жилийн харилцан хамааралтай. Тэд өөрсдийгөө золиосолж, үхэшгүй мөнхийг цогцлоохоор бие биенийхээ золиос болж байдаг.
Арванхоёрдугаар сарын бүсгүй сэтгүүлийн оны сүүлчийн дугаарт гаргах зургаа яаж авхуулахаа хараахан бодоогүй байсан бөгөөд цахилгаан шатанд сүүлчийн удаа тоглосон нь ийм л учиртай байх. (Чахша ч бас олзлогдсон хүмүүстэй тоглоом тоглодог). Маргааш нь хүү сэтгүүлийн шинэ дугаараас арванхоёрдугаар сарын бүсгүйг “хотын бахархал” болсон дүүжлүүрт дүүжлүүлсэн зургийг олж хараад сүүлчийнх нь зураг болохыг ойлгодог. Цахилгаан шатаар дээшээ, доошоо өгсөж, уруудаж байгаа бүсгүйн сүүлчийн дүр төрх үлджээ. Магадгүй тэр 18 дугаар давхраас нисэж үхэж, амиа хорлож ч болох байсан байх. Гэвч 369 настай царс модон “бахархал” түүнд ийм алхам хийх боломж олгосонгүй.
Миний хувьд, энэ өгүүллэгт гарч байгаа хамгийн харгис өгүүлбэр бол “Тэр хүү бол би өөрөө байсан юм”. Тийм ээ, зохиолч нь...
“Бахархлыг бахархлаар чимсэн арванхоёрдугаар сарын бүсгүйгээс хойш алсын буйдхан энэ хотод ирэх жуулчдын тоо улам бүр нэмэгдсээр байсан гэлцдэг”. Хамгийн аймаар нь тэдгээр жуулчны дунд бид ч гэсэн байгаа. Биднийг зөвхөн хайр нэгтгэдэггүй, харгис хэрцгийлэл ч бас нэгтгэдэг.
Цаг хугацаа бол болзолт ойлголт юм. Дүүжлүүрийн тавцан оршин байна гэвэл үүргээ гүйцэтгэж, “үр өгөөж”-өө заавал өгөх ёстой. Түүхэн үүднээс авч үзвэл, 369 жилийн тэртээ ялсан харгис бүлгүүд хүн төрөлхтнийг нэгтгэж, сорьсоор иржээ. Егөөдөж хэлбэл, 369 жилийн тэртээх эзэнт гүрэн царс модон дүүжлүүрийн тавцантай байсан бөгөөд өдгөө түүгээрээ “соёлын хот” болж, жуулчдын анхаарлыг татаж байна. Дүүжлүүр бахархал юм бол яагаад түүнийг илүү амьд, орчин үеийн болгож болохгүй гэж?! Арванхоёрдугаар сарын бүсгүйн сүүлчийн зураг хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөх ёстой!
Эцэст нь энэ бүхнийг дүгнэж, юу хэлэх гээ вэ? Миний хувьд энэ хоёр өгүүллэгээс нийтлэг нэг сонирхол мэдэрсэн, (бид нийтлэг гэдэг үгэнд дургүй ч гэлээ) тэгээд дахиад итгэчихсэн. “Хамгийн чухал зүйл бол бичвэр. Бусад нь бол аар саар зүйл юм” (Камал Абдулла).