Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын хэмжээ 2021 оны эцэс гэхэд долоон их наяд/триллион/ ам.долларын алдагдал болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) шинжээчид таамаглажээ. "Бид 2021 оны урьдчилсан таамаглалаа өөрчлөөгүй. Дэлхийн эдийн засаг урьдчилан таамаглаж байснаас хурдан сэргэхгүй. Бид вирустэй хамт дахиад олон сар амьдрах болж байна.2021 оны эцэс гэхэд дэлхийн ДНБ долоон их наяд ам.долларыг алдана. Энэ бол тун ноцтой" " гэж тус байгууллагын ерөнхий эдийн засагч Лоранс Бун “Les Echos” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. ЭЗХАХБ-ын шинжээчид Дэлхийн эдийн засгийн талаарх шинэ тайлангаа Лхагва гарагт /2020.09.16/ танилцуулжээ. Уг тайланд тэмдэглэж буйгаар, 2020 онд дэлхийн үйлдвэрлэл хүлээгдэж байснаас бага хэмжээгээр буурсан боловч шинэ түүхэнд урьд өмнө байгаагүй бага түвшинд хэвээр байна. Хязгаарлалтын арга хэмжээг сулруулж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлсний дараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хурдан өссөн боловч дэлхийн хэмжээнд эдийн засгийн сэргэлтийн хурдац зуны саруудад бага зэрэг саарсныг шинжээчид онцолжээ. Түүнчлэн коронавирусний халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал нааштайгаар эргэсэн тохиолдолд энэ онд дэлхийн ДНБ өмнө нь таамаглаж байсан 6 хувиар бус 4.5 хувиар унана гэж таамаглажээ.