Хятад улсын анхны коронавирусийн вакцин ирэх 11,12 дугаар сард олны хүртээл болох боломжтой гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн биологийн аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээч У Гуйжэнь төв телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. “Вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат маш амжилттай явагдаж байгаа учир 11,12 дугаар сард энгийн иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой” гэж тэрбээр хэлэв. У Гуйжэний ярьж байгаагаар, тэрбээр вакцин хийлгэсэн бөгөөд өөрт нь ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байна. Гэсэн ч ямар вакцины талаар яригдаж байгааг тэрбээр дурдаагүй аж. Хятадын эмийн компаниуд эмнэлзүйн үе шатандаа явж байгаа коронавирусний 9 вакцин гарган авсан бөгөөд вакцинууд ойрын хугацаанд олны хүртээл болно гэж Хятадын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн юм. Эдгээр вакцинаас дөрөв нь туршилтын хамгийн эцсийн шат буюу гуравдугаар шатандаа явж байна.