Японы эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) шинэ дарга Суга Ёшихидэ өнөөдөр /2020.09.15/ тус улсын Ерөнхий сайд боллоо. Түүнийг нэрийг үндсэн хуулийн дагуу засгийн газрын тэргүүний сонгоход эцсийн шийдвэрийг гаргадаг парламентын доод танхимын депутатуудын олонх нь дэмжсэн байна. Суга Ёшихидэгийн нэрийг дээд танхимын ч дийлэнх гишүүд дэмжжээ. Шинэ Ерөнхий сайд өнөөдөртөө багтаан өөрийн сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг зарлах ёстой. Ихэнх гол албан тушаалууд Шинзо Абэгийн байгуулсан сүүлчийн засгийн газрын бүрэлдэхүүнд байсан сайд нарт үлдэх төлөвтэй байна. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицу, Сангийн сайд Таро Асо, Төрийн газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Акаба Казүёши, мөн Токио дахь Олимп, Паралимпийн наадмыг хариуцсан сайд Сейко Хашимото, Эдийн засгийн сэргээн босголтын сайд Ясутоши нар албан тушаалаа хадгалж үлдэх аж. Батлан хамгаалах яамны тэргүүн Таро Коногийн хувьд тэрээр албан тушаалаа орхих бөгөөд оронд Абэ Шинзогийн дүү өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Нобуо Киши томилогдоно. Коно нь Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайдаар томилогдох ёстой байсан боловч эцэст нь түүнд төрийн албыг шинэчлэх үүрэг бүхий төрийн сайдын албан тушаалыг өгөхөөр шийджээ. Өмнө Ерөнхий сайд Абэ Шинзо өвчний улмаас албан тушаалаасаа огцрохоор болсноо өнгөрсөн наймдугаар сарын 28-нд гэнэт мэдэгдсэн юм. Тэрбээр Засгийн газрын шинэ тэргүүн сонгогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэж байхаа зарласан билээ. Даваа гарагт /2020.09.14/ Токио хотноо болсон Либерал Ардчилсан намын их хурлаар 2012 оноос хойш Абэгийн засгийн газарт танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Суга үнэмлэхүй олонхийн саналаар тус намын шинэ даргаар сонгогдсон юм.