Таван жилийн өмнө, есдүгээр сарын эхээр дэлхий нийтийг нэгэн гэрэл зураг цочирдуулсан. Зурагт Грекийн арлуудад хүрч чадаагүй цагаач гэр бүлийн бяцхан хүүгийн цогцос Туркийн эрэгт байгааг харуулсан байв. Тэр хүү Европыг зорьж яваад олон мянган хүн амь эрсэдсэн 2015 оны цагаач, дүрвэгсдийн хямралын бэлгэ тэмдэг болсон билээ. Тэр цагаас хойш байдал өөрчлөгдсөн үү? Цагаач, дүрвэгсэд амиа алдах нь багассан уу? Зорьсон газартаа хүрсэн хүмүүст юу тохиолдсон бол?
СОНГОЛТ
Энэ жил Алан Курди долоон нас хүрэх байжээ. Түүний аав хоёр хүүхэд, эхнэрийнх нь амийг авч одсон ослоос ганцаар эсэн мэнд үлдсэн. Өнөөдөр тэрбээр шинэ амьдралтай, нэг хүүтэй болж, түүндээ мөн л Алан гэдэг нэр өгчээ.
Аланы аав цагаачдад туслах мөнгө хуримтлуулдаг “НКО Kurdi foundation” байгууллагын зохицуулагч. Түүний хүүг амь үрэгдсэнээс хойш тийм байгууллагуудын үйл ажиллагаа идэвхэжсэн аж. Газар дундын тэнгист Германы байгууллага ивээн тэтгэдэг, аврах “Алан Курди” усан онгоц өнгөрсөн оноос эргүүл хийж эхэлжээ. “Бид, Европын Холбоо эл асуудлыг санхүүгийн бэрхшээлийн улмаас шийдэж чадахгүй байгаа юм биш. Өөрчлөлт хийн, хүмүүст тусалж, тэдэнд санаа тавихад хангалттай хүрэлцэх мөнгө бидэнд бий. Гэвч үүнийг бид хүссэнээрээ хийх боломжгүй нь миний сэтгэлийг түгшээж байна” гэж “Алан Курди”-гийн ахмад Софи Вейденвилль ярив.
Зарим баримтаас үзвэл Алан Курди амиа алдсан өдрөөс хойш тэнгист 17 мянган цагаач, дүрвэгч амьсгал хураажээ. 2015 оны эхний найман сард тэнгис гатлах замдаа 3030 хүн амь үрэгдсэн бол энэ жил гарснаас хойш уг үзүүлэлт 554-өөр тоологдсоныг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бүртгэсэн байна. Гэсэн ч хүмүүс урьдын адил Европыг зорих замдаа Газар дундын тэнгист амиа алдсаар. Цагаач, дүрвэгчдийн хямрал туйлдаа хүрсэн өнгөрсөн таван жилийн хугацаанд Европын Холбооны орнууд ямар арга хэмжээ авсан, тэдгээр нь үр нөлөөтэй байсан, эсэхийг ВВС статистикийн тусламжтайгаар тодруулахыг оролджээ.
2015 онд Газар дундын тэнгист цагаачид суусан олон завь живсэн. Хамгийн олон буюу 1500 орчим хүний амь мөн оны дөрөвдүгээр сард эрсэджээ. Тэдний 800 орчим нь Ливийн эрэгт даац хэтрүүлсэн завь хөмөрснөөс осолдсон аж.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тооцоолсноор энэ он гарснаас хойш тэнгист 554 хүн амиа алдсан. Тэдний 395 нь Тунис, Ливийн эргээс умардыг зориод Газар дундын тэнгисийн төвд живжээ. 71 хүн тус бүс нутгийн зүүн, 83 нь баруун хэсэгт амьсгал хураасан бол таван цагаач хаана эрсэдсэнийг тус байгууллага хараахан тогтоож чадаагүй байна.
Европын Холбоо аврах завиар Газар дундын тэнгист эргүүл хийхээ өнгөрсөн оноос больжээ. Эргүүл хийх нь хууль бус шилжилт хөдөлгөөнийг өдөөж байна гэж Европын Холбооны зарим орон үзсэн учир ийн шийдсэн аж. Итали болон Мальта сүүлийн жилүүдэд цагаач, дүрвэгчтэй хөлгийг ялангуяа тэнгисээс аварсныг боомтдоо оруулахгүй байхыг хичээдэг болжээ.
Грекийн эрэг 2015 онд Туркээс ирсэн, аргагүйн улмаас шилжин суурьшигчдын хөлд дарагдсан. Тэдний олонх нь Туркийн эргээс Грекийн арлууд хүртэл хамгийн дөт боловч аюултай чиглэлд зорчжээ. Энэ л замыг Алан Курди хүүгийн гэр бүл сонгосон байв.
2016 оны гуравдугаар сард Туркийн Засгийн газар Европын Холбоотой гэрээ байгуулсан бөгөөд үүнд Грекийн арлуудад очсон Сирийн дүрвэгсдийг Турк руу илгээхээр тусгажээ. Үүний оронд Турк улс дүрвэгсдэд төвхнөхөд туслах зургаан тэрбум еврогийн тусламж авсан юм. Ингээд тус бүс нутаг руу хууль бусаар хил давах тохиолдлын тоо 2015 оны аравдугаар сард 216 мянга байсан нь нэг жилийн дараа 4000 болсон гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Турк улс Грек рүү цагаач, дүрвэгсдийг аажмаар гаргаж эхэлжээ. Сирийн дүрвэгсдийн шинэ давлагааг дийлэхгүй, 2016 оны тохиролцоогоо хэрэгжүүлэх боломжгүй болсноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгдсэн байна. Хилээ нээснээс хойш олон сая цагаач, дүрвэгч Европыг зорьж буй бөгөөд тэдний тоо 2015 оны үзүүлэлтээс эрс багасчээ.
Грекийн хуарангуудад хичнээн дүрвэгч аж төрдөг вэ (2020 оны долдугаар сарын байдлаар)
ГРЕКТ ОЛОН МЯНГАН ДҮРВЭГЧ ГАЦЖЭЭ
Өмнөдөөс ирж буй дүрвэгсдийн олонхийн хувьд Европт нэвтрэх хаалга хаана ч байсан адилхан харагддаг. Энэ нь Эгийн тэнгисийн зүүн талд орших Грекийн арлууд юм. Лесбос, Хиос, Самос, Лерос, Кос арал дахь цагаачдын хуарангуудад олон мянган дүрвэгч амьдардаг. Орогнох эрх олгох хүсэлтийг хэлэлцэхэд Грекийн Засгийн газар ихэвчлэн хэдэн сараас нэг жилийн хугацааг зарцуулж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд хэлэлцэх 87 мянган хүсэлт байв. Тэдгээрийн 45 мянга нь хагас жилээс илүү хугацаагаар хүлээж буйг арилжааны бус байгууллага болох Грекийн дүрвэгсдийн зөвлөлийн статистик мэдээллүүдээс харж болохоор юм. Орогнох эрх олгох тухай эхний шийдвэр гаргахад дунджаар 10.3 сар зарцуулдаг. “Ковид-19” цар тахлын улмаас өргөдөл боловсруулах үйл явц эрс удааширчээ. Хуарангуудын багтаамж хэтэрч, ундны ус хүрэлцэхгүй байна. Цахилгааны ачаалал байнга хэтрэн, тасардаг. Европын Холбооны тусламж цагаач, дүрвэгсдийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй шахам болсныг Грекийн Засгийн газраас мэдээлсэн байна.
Европт 2015 оноос хэдэн арван улсын цагаач, дүрвэгч иржээ. Тэдний олонх нь Сири, Афганистаны дайнаас дүрвэгсэд аж. Одоо Тунисээс хамгийн олон дүрвэгч гарч буй тухай НҮБ-ын Дээд комиссарын удирдах газрын статистик нотолж байна. Энэ онд Тунисээс Газар дундын тэнгисээр дамжин бараг 6000 хүн Европт хүрчээ. Тэдний олонх нь ядуурал, ажилгүйдэл, улс төрийн тогтворгүй байдлаас зугтсан залуу эрэгтэйчүүд гэнэ.
Сүүлийн үед боомтуудад нь Тунисээс улам олон хүн буух болсон тухай Италийн Засгийн газар мэдэгдэж байна. Уг нь Африкийн халуун бүсийн цагаачдын түүхэн даваа нь болсон, хөрш Ливийн иргэд олноор очдог байжээ. Ливи улс одоо иргэний дайнд нэрвэгдсэн байгаа юм.
Европт очсон цагаач, дүрвэгсдийн тоо 2015 онд дээд цэгтээ хүрсэн. Үүнээс хойш улирлын хэлбэлзлийг тооцсон ч тогтвортой буурчээ. Тухайлбал, зун Газар дундын тэнгисийг гаталдаг завины тоо цаг агаар сайхан байвал олширдог. Мөн оны аравдугаар сард Европт очсон цагаач, дүрвэгсдийн тоо оргилдоо буюу 220 мянгад хүрч байв. 2020 оны долдугаар сард уг үзүүлэлт 10605 болжээ.
ШИЛЖИН СУУРЬШИГЧИД НЭГДСЭН НЬ
2015 онд Европын зорьсон шилжилт хөдөлгөөн түүхэн дээд хэмжээнд хүрэхээс хоёр сарын өмнө Германы Канцлер Ангела Меркель цагаач, дүрвэгчдэд хилээ нээн, “Wir schaffen das” буюу “Бид зохицуулж чадна” гэж хэлсэн юм. Германд тэр үед нэг сая орчим цагаач очсон. Канцлер Меркелийн зарласан нээлттэй хаалганы бодлого түүний нэр хүнд Христийн ардчилсан холбоо намын сонгогчдын үлэмж хэсгийн дунд унаж, “Германы алтернатив” зэрэг барууны намыг дэмжигчдийн тоо нэмэгдэхэд хүргэжээ. А.Меркель өөрийн шийдвэрийг хамгаалсаар байсан ч 2016 онд намын их хурлын үеэр үг хэлэхдээ ийм байдал давтагдах ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Одоо Германы Засгийн газар цагаач, дүрвэгсдийг нэгтгэх арга зам хайсаар байна.
Германы Хөдөлмөр эрхлэлтийн хүрээлэнгээс саяхан явуулсан судалгаанаас үзвэл тус улс дахь цагаачдын тал орчим хувьд ажил олоход бэрхшээл тулгардаг гэнэ. 2013-2018 онд Германд очсон 8000 дүрвэгчийн хувь заяаг мэргэжилтнүүд судлахад таван жилийн хугацаанд тэдний 49 хувь нь л тогтвортой ажилтай болжээ.
Герман дахь ажилгүйчүүдийн ес орчим хувийг залуу эрэгтэй голдуу дүрвэгч эзэлдгийг Хөдөлмөр эрхлэлтийн агентлагаас өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн байна. Цар тахлын улмаас ажил олоход улам хэцүү болсон аж. Ташрамд дурдахад, аргагүйн улмаас шилжин суурьшигчдын олонх нь герман хэл сайн сурч, энэ нь нийгэмд нэгдэх гол үзүүлэлтүүдийн нэг болохыг эрдэмтэд дүгнэжээ.
Германы цагаач, дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас энэ жил явуулсан судалгаанаас харвал, тэдний 44 хувь нь герман хэлний мэдлэгээ сайн, эсвэл маш сайн гэж дүгнэсэн байна. 2017 онд цагаачдын 35, 2016 онд 22 хувь нь герман хэл мэддэг байв.
Герман дахь цагаач, дүрвэгсдийн олонх, тэр дундаа Сириэс ирэгсдийн 75 хувь нь эх орондоо болосрол эзэмшсэн байжээ. Гэхдээ нийгэмд нэгдэх асуудлууд шийдэгдээгүй байна. 2013 оны нэгдүгээр сараас 2016 оны арванхоёрдугаар сарын хооронд ирсэн цагаачдын нийгмийн харилцааны талаарх судалгааг 2017 онд Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр явуулжээ. Тэдний 78 хувь нь долоо хоногт наад зах нь нэг удаа Германы уугуул иргэдтэй цагийг хамтдаа өнгөрүүлж байв. Гэхдээ 22 хувь германчуудтай огт харилцдаггүй гэжээ.
Ла-Маншийн хоолойгоор дамжин Британид хууль бусаар очих гэсэн хүний тоо 2015 онд харьцангуй цөөн байв. Цагаачид ихэвчлэн Нэгдсэн Вант Улс хүртэл ачааны болон суудлын автомашинаар явахыг оролддог гэнэ. 2018 оноос завиар тус хоолойг гаталсан хүний тоо эрс өсжээ. Энэ жилээс Британи хүртэл ийм замыг 350 завьтай 4500 орчим хүнтэй туулсан аж. Өнгөрсөн сарын 6-нд хоногийн дээд амжилт тогтоож, хууль бус 235 хүн саатуулагдсан байна.
Францад автомашинуудыг илүү нарийн шалгадаг нь дүрвэгсдийг дэлхийн хөлөг онгоцнуудын зорчдог гол замыг сэлж гатлахыг ахин дахин оролдоход хүргэж буй аж.