Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Дэлхийн хэмжээнд 28 сая гаруй хүн корнавирусийн халдвар авч, 900 мянга гаруй хүн нас барсан байна.
Нас баралт АНУ, Бразил, Энэтхэг, Мексик зэрэг оронд хамгийн өндөр байгаа бол номхон далайн баруун бүсийн улсуудад нас баралтын түвшин харьцангуй бага буюу 2.2 хувьтай байна. Харин номхон далайн баруун бүсийн Филиппин, Шинэ Гвиней, Папуа зэрэг улсад халдвар хүн амын дунд өндөр тархалттай байгаа бол Тайвань, Камбож, Лаост зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар БНХАУ-ын бүх муж, нутаг бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Ухань муж энэ сарын 19-нөөс эхлэн олон улсын нислэгээ нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ДЭМБ-ын таван бүсийн 150 улсад хийсэн судалгаанаас харахад 90 хувьд нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалджээ. Тухайлбал, ихэнх оронд амбулаторийн үзлэг, эмнэлэгт хэвтэлт буурч, дархлаажуулалт, халдварт бус өвчин, хавдрын оношилгоо, эмчилгээ болон гэр бүл төлөвлөлт, сэтгэцийн өвчний тусламж үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламжууд тасалдаж байна.
Тэр ч утгаараа ДЭМБ-аас ирэх саруудад халдвар ихсэж, багасах хандлага ээлжлэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийг бодит хугацаанд нь хянах мэдээллийг тогтмол цуглуулж, зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо.
Түүнээс гадна, коронавируст халдварын нийт тохиолдлын 14 хувь нь эрүүл мэндийн ажилтан байна. Эдгээр ажилчдын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл гутралд өртсөн байна. Тиймээс эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ аюулгүй орчинд хийж гүйцэтгэхэд шаардлагатай цалин хөлс, тоног төхөөрөмжөөр хангах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна" гэлээ.