Монголын Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат "Засгийн газар, Улсын Онцгой комисс 2020-2021 оны хичээлийн жилд 2-3 насны хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд 80 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй байсан.
Анх 2015 онд СӨБ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол дараа нь Хүүхэд харах үйлчилгээний тухай бие даасан хуультай болсон. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. 1,100 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч бэлтгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар 160 орчим төв үйл ажиллагаагаа явуулах гэж байна. Хүүхэд харах үйлчилгээний төвүүд маргаашнаас буюу 15-наас эхлэн хүүхдүүд авч эхэлнэ. Нийт хоёроос гурван насны 77 мянган хүүхэд байгаа. Үүнээс 3000 хүүхэд он дуустал тус үйлчилгээнд явна.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн төсөвт суулгасан 2 тэрбум төгрөг нь 3,000 хүүхдийг он дуустал хамруулах мөнгө юм. Тус төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг хүмүүс буруутгаж байсан. Гэхдээ 2 тэрбум бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд авах уу, 3000 хүүхдийн асуудлыг шийдэх үү гэдгийг бодох хэрэгтэй" гэсэн юм.
Харин хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн багш нарын боловсрол болон харилцааны талаар Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхзул хэлэхдээ "Манайд хамрагдсан боловсон хүчнүүдийн 80 хувь нь их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Хүмүүс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хувийн хүүхэд харагч нараас л хүүхэд зодох, дарамтлан асуудлууд гардаг. Харин манай Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн хувьд нэг ч асуудал гарч байгаагүй" гэлээ.
Түүнчлэн тус хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төвүүд нь өглөө 08-09 цагийн хооронд хүүхдүүдээ авч, орой 17-18 цагийн хооронд тарах бөгөөд нэг багш таван хүүхэд харах журмаар явагдана. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ 2.5 м.кв байдаг. Мөн хоол цай хийх өрөө нь хүүхдийн тоглох орчноос тусдаа гэдгийг онцолсон юм. Харин төлбөрийн хувьд 90-150 мянган төгрөг байна. Хэрэв 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй байвал эцэг эхчүүд БШУЯ болон Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоонд хандах хэрэгтэй тус холбооны гишүүд хэлж байлаа.