ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн долоо хоногийн эцсээр хэлэлцээ хийв. Тэд цар тахлын нөхцөлд хийж буй хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон төдийгүй бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал нийлсэн байр сууриа хамтарсан мэдэгдэлдээ тусгажээ. С.Лавров, Ван И нарын уулзалт нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан болон үүнд оролцогчдын хэд хэдэн уулзалтыг багтаасан арга хэмжээнүүдийн дүгнэлт болов. Зөвлөлийн хуралдааны дараа Хятадын сайд ОХУ-ын дипломат байгууллагын удирдагчтай хамтран Орос, Энэтхэг, Хятад гэсэн хэлбэрээр уулзалт хийлээ. Тийнхүү ОХУ Москвад Хятадын төлөөлөгчдөд хөрш орнуудын сайд нартай, тэр дундаа БНХАУ, Энэтхэгийн Гадаадын хэргийн сайд нарын хоёр талын уулзалт хийх боломж олгожээ. Хятад, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Ван И болон Субраманиям Жайшанкар нар хоёр улс хоорондын хяналтын шугам дахь түгшүүртэй байдлыг намжаах тухай хамтарсан мэдэгдэл хийсэн нь Москвад хийсэн хэлэлцээнүүдийн чухал үр дүнгүүдийн нэг болов.
ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд, түүний дотор ирэх арваннэгдүгээр сард болох тус байгууллагын дараагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар Орос, Хятадын тал нааштай үнэлгээ өгчээ. Үүний сацуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар хийж буй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр хоёр тал тохиролцлоо. Ийм дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулах санаачилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан юм. Мөн НҮБ-д төдийгүй “Их-20”, БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) болон РИК (Орос, Энэтхэг, Хятад), түүнчлэн Орос, Хятад, Монгол платформын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.