Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, өчигдрийн байдлаар 27 сая 819 мянга гаруй хүн өвчилж, 912 мянган хүн нас барсан байна. Харин эдгэрсэн хүний тоо 20 сая гаруйд хүрчээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 250,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 4,800 гаруй хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, БНЭУ, Бразил, ОХУ, Перу зэрэг улсууд тэргүүлж байна. Тухайлбал, АНУ-д 100,000 халдвар авсан хүний 1,935 нь шинээр халдварлаж, 58 хүн нас барсан байна.
БНЭУ-д хоногт 95,700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн бол ОХУ-д 5,363 шинэ тохиолдол бүртгэгдэж, 128 хүн нас баржээ. Харин БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 176 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдлээ.
Тус улсад наймдугаар сарын 14-ны өдрөөс хойш халдварын тархалт нэмэгдсээр наймдугаар сарын 27-ны өдөр 441 тохиолдол бүртгэгдэж оргилдоо хүрсэн. Түүнээс хойш тархалт аажмаар буурч байна. Үргэлжлүүлэн Япон Улсад өчигдөр 710 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна.
Харин манай улсын хувьд тусгаарлан ажиглалтад шинээр 143 хүн орж, 253 хүн гарсан. Одоогоор 3,771 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт нийт 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" хэмээв.