Монгол Улсад Эх хүүхдийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд өчигдөр ЭХЭМҮТ-ын хамт олон МУЗГ, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын шагналаар 500 гаруй ажилтан шагнагджээ. Тус арга хэмжээнд ЭХЭМТ-ийн үе, үеийн удирдлагууд болон ахмад үеийн эмч нар оролцсон байна. Шагналыг Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа гардуулсан юм.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ын Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, хүний гавьяат эмч Ш.Энхтөр хэлэхдээ "Өнөөдөр ЭХЭМҮТ үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Манай хамт олон ойн баяраа угтаж, өмнөх жилүүдэд нэвтрүүлсэн шилдэг техник, технологийг нутагшуулах, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг бүрэн дуусгах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Мөн сүүлийн гурван жилд бид иргэд үйлчлүүлэгчдийн хүсэл, эрэлт хэрэгцээнд нийцсэн арга хэмжээг сайжруулах ажилд нэлээд анхаарч ажилласан. Мөн байгууллага төвтэй шийдэл гэхээсээ илүү, үйлчлүүлэгч төвтэй бүтэц рүү шилжиж байна. Манайд жилдээ 14 мянга орчим мэс засал хийгдэж, 12 мянган эх амаржиж, 40 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг.
Үйлчилгээ үзүүлэхэд ариутгал, халдваргүйтгэл чухал байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр манай ариутгал халдваргүйтгэлийн тасаг маань АХБ, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн. Мөн үйлчлүүлэгчийнхээ тав тухтай байдалд анхаарал хандуулан гурван байршилд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж, тохижуулсан" гэлээ.