Өнөөдөр Төрийн албаны ёс зүйн асуудлын талаар "Итгэл даах төрийн албаны зөвлөл" зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа аж.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Монгол Улсын үндсэн хуульд оруулсан гол зарчмын өөрчлөлтүүдийн нэг үзэл санаа нь Монгол төрийн албыг ёс зүйтэй, сахилга баттай байхад чиглэгдсэн байдал юм. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлээд нэг жил гаруй болж байна.
Энэхүү хуульд зааснаар төрийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихтай холбоотой зөвлөгөө өгөх, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг хүлээгээд, тус үйл ажиллагааныхаа тайланг жил бүр УИХ-д хүргүүлэхээр заасан. Энэ зарчим шаардлагад нийцүүлж УИХ-аас Ёс зүйн байнгын хороог шинээр байгуулсан. Энэ нь төрийн албаны бүх шатанд ёс зүйн сахилга, хариуцлагыг жигд мөрдүүлж, ёс зүйн хэм хэмжээг нэг мөр болгох шаардлагатай гэж үзсэн юм. УИХ-ын хуулинд төрийн албаны бүх шатанд ажиллаж байгаа 600 гаруй ёс зүйн хороодыг нэгдсэн удирдлага, аргазүйгээр хангах чиглэл орсон.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагадаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө төр засгаас хийж буй ажлын нэг хэсэг юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг, шударга байхыг төр, бас олон нийт төрийн албан хаагчаас шаардах эрхтэй" хэмээв.
Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Мөн "Ковид-19" халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар төрийн албанд нийт 198 мянга 463 албан хаагч ажиллаж байна. Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болжээ. Харин 2019 оны байдлаар төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний 321 албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, арга хэмжээ авсан байна. Мөн өнгөрсөн жил 17 төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан 321 төрийн үйлчилгээний албан хаагч зөрчил гаргажээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдох өөр нэг асуудал бол ажлын байран дээрх бэлгийн дарамт юм. ХЭҮК, Шихихутаг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд нийт 1120 хүн хамрагдсанаас 805 нь буюу 82,1 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн үзүүлэлт гарсан байна. Дээрх зөрчлүүдийн 43.3 хувийг иргэдийн гомдол , 0.9 хувийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн дагуу, олон нийтийн сүлжээгээр, 54.3 хувийг байгууллагын дотоод хяналтаар илрүүлсэн гэв.