Жил бүр томуугийн улирлыг угтуулж, зорилтот бүлгийнхнийг дархлаажуулдаг. Өнөө жилийнхийг энэ сарын сүүлчээр хийх болсныг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын үндэсний хорооноос мэдээллээ. Эхний ээлжид жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалжээ. ДЭМБ-аас энэ онд томуугийн H1N1, H3N2, А, B хүрээний вирус дэгдэх магадлалтай гэж үзсэн тул улс орнууд эдгээр үүсгэгчийн эсрэг гурван цэнт вакцин импортолж байгаа аж. Манай улс уг найрлагыг агуулсан 200 мянга орчим хүн/тун вакциныг БНСУ-ын “Грийн кросс” компаниас авах бөгөөд 89 мянгыг нь энэ сарын сүүлчээр оруулж ирэх гэнэ. Вакцинжуулалтыг ХӨСҮТ болон дүүргийн эмнэлгүүдийн Дархлаажуулалтын кабинет, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудад зохион байгуулахыг албаныхан хэлсэн. Ингэхдээ тав хүртэлх насныхан болон жирэмсэн, хөхүүл эхчүүд болон зорилтот бүлгийн бусад иргэнд үнэгүй, сайн дураараа хийлгэх бол хөнгөлөлттэй үнээр тарих юм байна.