БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадна иргэд цуглаж, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Тэдний цуглаан өчигдөр 15 дахь өдрөө үргэлжилсэн юм. “Гадаад дахь иргэдээ татан авахад төр, засаг анхаарахгүй байна. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комисс, Элчин сайдын яаманд шаардлага хүргэх гэж ийм арга хэмжээ зохион байгуулсан” гэж тэдний төлөөлөл хэлсэн. Тус улсаас нутаг буцах хүсэлтэй монгол иргэний тоо одоогоор 5000-д хүрсэн тул сард 2-3-хан удаа нислэг үйлдэх нь хангалтгүй, илүү олшруулах ёстой гэсэн шаардлага цуглаан зохион байгуулагчид Улсын онцгой комисст тавьсан юм.
Тэдний шаардлага төр, засагт хүрч, нислэгийн тоог нэмэхээр шийдвэрлэснийг Гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлсэн. Тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “БНСУ дахь иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ сард Сөүл рүү гурван удаа нислэг үйлдэх байсныг дөрөв болгон нэмлээ. Тодруулбал, есдүгээр сарын 21-нд товлосон Токиогийн нислэгийг цуцалж, БНСУ руу онгоцоо нисгэхээр боллоо. Энэ талаарх мэдээллийг Япон, Солонгост байгаа иргэддээ хүргэсэн. Одоогоор Япон Улс дахь 700 монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргаад байна. Гэхдээ тэдний дотор яаралтай ирэх хүсэлтэй хүн цөөхөн учир тусгай үүргийн нислэгийг түр хойшлуулж, ирэх сард товлохоор төлөвлөлөө. Мөн энэ сарын сүүлчээр Казахстан руу тусгай нислэг хийхээр судалж байна. Тусгаарлах байрны хүрэлцээ, хангамжийг харгалзан үзсэний үндсэн дээр эцсийн шийд гаргана” гэж мэдээлэв.
БНСУ-д “Ковид-19”-ийн хоёр дахь давлагаа үргэлжилж буй бөгөөд халдвар авсан хүний тоо өчигдөр 136-гаар нэмэгдэн 21 432-т хүрчээ. Ялангуяа монголчууд олноор ажиллаж, амьдардаг нийслэл Сөүл орчимд халдвар голомтлон тархсан хэвээр тул иргэд анхаарал болгоомжтой байхыг манай ЭСЯ-наас анхааруулав. Тус яамныхан иргэдийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн байна. Цахимаар өргөдөл гаргах боломжгүй хүмүүс дотоодын шуудангаар илгээх боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л өөрөө ирэх гэнэ. ЭСЯ-ныхан иргэдийн өргөдлийг хүлээн авсан өдрийн дарааллын дагуу эрэмбэлж, нягтлаад, бүртгэлийг баталгаажуулсны дараа хариу өгөх юм байна. Өргөдөл гаргасан хүний тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тус хэлтсийнхний ачаалал ихэсжээ. Тиймээс хариу өгөхөд нэлээд хугацаа шаардагдаж байгаа тул иргэд хүлээцтэй хандахыг хүслээ. Нутаг буцах хүсэлтэй 5028 иргэний өргөдлийг тус хэлтэс одоогоор хүлээн авчээ.
Ташрамд дурдахад, БНСУ-д манай улсын найман иргэн коронавирусийн халдвар авсан талаар бид урьд нь мэдээлсэн. Тэд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь сайн гэнэ. Найман иргэний тав нь Сөүлд хүнсний үйлдвэрт ажиллаж байжээ. Үлдсэн гурван хүн нь тэдний гэр бүлийнхэн аж.
Бэлтгэсэн: М.Оч