"Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг танилцууллаа.
Тодруубал тус сэдэвт судалгааг МУИС-ын Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг, БШУЯ, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын хүрээлэнтэй хамтран явуулжээ. Нийт 4,000 гаруй өрх, гурван удаагийн түүвэр судалгаанд хамрагдсан байна. Мөн судалгааг Канадын PEP олон улсын байгууллага болон Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.
Судалгааны үр дүнгийн талаар МУИС-ын Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг хэлэхдээ "Улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй хэрэгсэл бөгөөд нэн ялангуяа улсын цэцэрлэгийн үйлчилгээг чиглүүлэх нь ажил эрхлэлтийг дэмжихэд илүү үр дүнтэй гэдэг нь харагдлаа. Харин элсэлтийн эхний жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байдаг.
Харин энэхүү өвчлөх магадлал нь хоёр дахь жилээсээ алга болж байгаа нь судалгаанаас харагдсан. Хүүхэд цэцэрлэгт орсон эхний жилдээ өвчлөл өндөр байгаа шалтгааныг цаашид судална гэдгийг онцолсон юм. Тодруулбал,
- Ханиад томууны тохиолдол 9.5 %-аар өссөн
- Эмнэлэгт үзүүлсэн тоо 15.5 %-аар өссөн
- Халдварт өвчний тохиолдол 33%-аар өссөн (хяналтын бүлгийн дундаж тохиолдол 0.11-тэй харьцуулснаар)
- Эмчилгээ, эм уух давтамж 37%-аар өссөн (хяналтын бүлгийн дундаж болох 7%-тай харьцуулснаар) байна.
Мөн улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь эцэг эхийн ажил эрхлэлт болон цалинд богино хугацаанд эерэг нөлөөтэй байна гэж тус судалгааны багийнхан үзжээ. Тухайлбал,
- Ээжийн тухайн үеийн ажил эрхлэлтийг 8.3 хувиар, харин аавынхыг 2.9 хувиар өсгөдөг
- Ээжийн тухайн үеийн болон өмнөх нэг жилийн хугацааны ажил эрхлэлтийг 10.5 хувиар, харин аавынхыг 1.8 хувиар өсгөдөг
- Ээж, аавын цагийн цалинг 6 хувиар өсгөдөг
Мөн элсэлтийн тасалбар аваагүй олон тооны хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь бага насны хүүхдүүдийн боломж тэгш бус байгааг харуулж байгаа юм" гэлээ.
Үргэлжлүүлэн МУИС-ын эдийн засгийн тэнхимээс 2020.09.10-ны өдөр "Нөлөөллийн үнэлгээний Монгол Улсын туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах үеэр дээрх судалгааны эцсийн тайланг мэдээлнэ гэсэн юм.