ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин есдүгээр сарын 3-ны Пүрэв гарагт Беларусь улсад албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлал ач холбогдолтой байсан бөгөөд үр дүнд нь Беларусийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, Беларусийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх боломжийг олгох боллоо хэмээн Минск дэх Оросын элчин сайд Дмитрий Мезенцевын хэлснийг “ТАСС” мэдээлэв. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Беларусийн Засгийн газрын тэргүүн Роман Головченко нарын уулзалт хоёр цаг үргэлжилсэн байна. Ерөнхий сайд Мишустын онцолсноор уг уулзалтаар хоёр тал олон асуудалд тэр дундаа ирээдүйн Холбооны улс байгуулах тал дээр их ахиц дэвшил гарсан байна. ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Мишустиныг Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко хүлээн авч уулзжээ. Хүнд хэцүү үед дэмжлэг үзүүлэхээр ирсэн Оросын талд Беларусийн төрийн тэргүүн талархаж байгаагаа илэрхийлсэн бол Мишустин хариуд нь тус улсад бий болоод байгаа нөхцөл байдлыг гаднаас улам дэвэргэх гэж оролдож байгаа энэ үед Москва Беларусийн бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хоёрдмол утгагүйгээр дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Беларусьт наймдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрснөөс хойш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. СЕХ-ын албан ёсны мэдээллээр нийт сонгогчдын 80.1% нь одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод, 10.1% нь түүний гол өрсөлдөгч Светлана Тихановскаяд саналаа өгсөн байна. Эл дүнг Беларусийн олон зуун мянган иргэд хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа аж.