АНУ-ын нийслэл Вашингтон хотод цагдаагийн ажилтан нар өнгөт арьстныг баривчлах үеэрээ буудаж, улмаар хохирогч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Энэ тухай өнөөдөр /2020.09.03/ орон нутгийн WJLA телевизийн суваг мэдээлэв. Вашингтон хотын цагдаагийн газрын дарга Питер Ньюсамын хэлснээр зогсоол дээрх машин дотор зэвсэгтэй хүмүүс байна гэсэн дуудлагаар цагдаа нар хэргийн газар иржээ. “Цагдаагийнхан машин руу ойртох үед дотор нь байсан зарим хүмүүс зугтсан. Ингээд нэг цагдаа тэдэн рүү буудсан байна. Шархадсан хүн насанд хүрсэн эр байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр нас барсан байсан. Бид гэмт хэргийн газраас хоёр галт зэвсэг хураан авсан" гэж цагдаагийн дарга мэдэгджээ. Амиа алдсан хүний хувийн мэдээллийг цагдаагийн дарга өгөөгүй байна. Хэргийн газар байсан гэрчүүд хохирогчийг зэвсэггүй байсан хэмээн баталж байгаа аж. Энэ тухай сэтгүүлчдийн тавьсан асуултад Ньюсам "Үүнийг удахгүй тогтооно, гэхдээ тэр биедээ зэвсэг авч явсан гэж бид үзэж байгаа" хэмээн хариулжээ. Яагаад зугтаж яваа хүн руу буудсан талаар асуухад тэрбээр хэргийг шалгаж байгаа гэснээс өөр хариулт өгөөгүй байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Миннесота мужийн Миннеаполис хотод өөр нэг өнгөт арьстан цагдаа нарын гарт амь үрэгдсэнээс хойш Америк даяар “Black Lives Matter” буюу "Өнгөт арьстнуудын амь үнэ цэнэтэй" хөдөлгөөн өрнөж зарим хотуудуутад эмх замбараагүй байдал дэгдээд байгаа юм. Эл хөдөлгөөн бүрэн намжиж амжаагүй байхад наймдугаар сарын 23-ны өдөр Висконсин мужийн Кеноша хотод биедээ хутга авч явсан, өнгөт арьстан Жейкоб Блейк хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа нуруун тус газарт буудсан хэрэг гарсан. Тэрбээр амьд үлдсэн ч хөл дээрээ босох боломжгүй болжээ. Үүний улмаас тус хотод эмх замбараагүй байдал өрнөж нөхцөл байдлыг намжаахын тулд Үндэсний гвардийнхныг татан оролцуулаад байгаа юм.