Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ. Тэрбээр "ЗӨСҮТ-ийн Хариу арга хэмжээний баг өнгөрсөн долоо хоногт таван удаагийн нислэгээр ирсэн 1,144 иргэдийн 1,524 ширхэг 27 тонн ачаа тээш, хувийн эд зүйлс болон нислэгээр ирсэн 16 тонн карго ачаа, зорчигчдийг тээвэрлэсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл, тусгаарлах гурван байранд эцсийн халдваргүйтгэл хийлээ.
Мөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хариу арга хэмжээний бэлэн байдлын үнэлгээ, дадлага сургалтыг хийж байна. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газар болон боловсролын газрын удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, удирдлагууд зэрэг нийт 800 гаруй хүнд найман удаагийн сургалт орлоо" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүд халдвараас сэргийлэхийн тулд тогтмол цэвэрлэгээ хийх нь чухал юм. Нөгөө талаар коронавирусний хажуугаар тарваган тахлын сэжигтэй тохиолдлууд буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар тарваган тахлын сэжигтэй 17 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас барсан.
Энэ нь өнгөрсөн 10 жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт юм. Тухайлбал, хамгийн сүүлд наймдугаар сарын 31-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үгүйсгэгдсэн. Мөн тарваган тахлаар урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тухайлбал, пүрэв гараг болгон аймгуудын эрүүл мэндийн байгууллагыг хамруулсан цахим сургалт явуулж байна.
Гэсэн хэдий ч тарваган тахлын тохиолдлууд буурахгүй байна. Энэ оны байдлаар нийслэл рүү тарвага оруулж ирэхийг завдсан 90 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэд онцгой анхаарах хэрэгтэй байна" гэсэн юм.