Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 25 сая 726 мянган хүн өвчилж, 866 мянган хүн нас баржээ. Харин 18 сая гаруй хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 245,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өнгөрсөн өдрөөс өвчлөл 37 мянгаар, нас баралт нэг мянгаа нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,962 хүн шинээр коронавирусний халдвар авч, 112 хүн нас барсан бол БНХАУ-д 20 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Харин Япон улсад 592 хүн шинээр өвчилж, 14 хүн нас баржээ. Мөн БНСУ-д 195 хүн шинээр халдвар авсан байна. Тус улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар идэвхтэй тархаж байгаатай холбогдуулан зайнаас харилцах арга хэмжээг эрчимжүүлэхийг иргэддээ анхааруулжээ. Түүнчлэн БНСУ нь спортын тэмцээн болон уралдаануудыг хаах шаардлагатайг Засгийн газартаа уламжилсан байна.
Харин манай улсын хувьд өчигдөр 320 хүн шинээр тусгаарлалтад орж, долоон хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 3,690 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 72 хүний хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Европ улсад халдвар сүүлийн үед эрчтэй өсчээ. Тиймээс иргэддээ амны хаалт зүүхийг илүүтэй анхаарууллаа. Харин ДЭМБ-ын мэдээллээр Америк тивд 370 мянган эрүүл мэндийн ажилчид коронавирусний халдвар авсан талаар мэдээлсэн. Эдгээрээс АНУ-д 140,000 эрүүл мэндийн ажилтан халдвар авсны 600 орчим хүн нас баржээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалахад анхаарах шаардлагатайг зөвлөлөө.
Мөн Их Британийн эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс шинжилгээгээр вирус илрэхгүй байгаа боловч зарим эмнэл зүйн шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж байгааг тогтоосон байна. Харин Хонг Конгт тохиолдлын тоо буурч байгаа тул зарим хязгаарлалтыг цуцалжээ. Тухайлбал, рестораны ажиллах цагийг уртасгах, фитнесс заал, массажны газруудыг нээх арга хэмжээг авч эхэлсэн байна. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын 37 мужад 25,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн" гэж мэдээлэв.