Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган нар АНУ-ын “Netflix” медиа компанитай олон жилийн гэрээ байгуулсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Netflix нь Суссексийн гүн, гүнгийн ахайтан нарын байгуулсан продюсерын компанийг хийсэн баримтат кино, уран сайхны кино, телевизийн шоу, хүүхдийн нэвтрүүлгийг санхүүжүүлэх юм байна. “Бид мэдээлэл хүргэхээс гадна итгэл найдвар өгөх контент бүтээхэд анхаарна” гэж хосын хэлснийг тус сонин уламжилжээ. “Залуу эцэг эх болох бидний хувьд урам зориг өгөх гэр бүлийн хөтөлбөр ч мөн чухал” гэж тэд хэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар дэлхий даяар 193 сая хэрэглэгчтэй “Netflix” компани хүмүүст нөлөө үзүүлэхүйц мөн идэвхтэй байх сэдэл өгөх агуулгыг хуваалцахад туслах аж. Гэрээний нөхцөлийн талаар "Netflix” компани дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.