ОХУ-ын Чанарын алба буюу “Роскачества”-гийн цахим хуудсанд мэдээлснээр, тус улсад худалдаж буй зөгийн балнуудын чанар, стандартыг өнгөрсөн долоо хоногт хянан шалгахад хэд хэдэн үйлдвэрийнхээс антибиотик илэрсэн гэнэ. Уг хяналт шалгалтад 46 нэрийн зөгийн бал хамруулсны ганц нь Австрийнх, бусад нь дотоодынх аж. Ээлжит ажиллагааны үеэр 19 нэрийн зөгийн бал чанарын шаардлага хангахгүй болохыг илрүүлжээ. Тэдгээрээс антибиотик илэрсэн бөгөөд энэ нь аж ахуй, фермүүдэд эм, эмнэлгийн бодисын зохист хэмжээг мөрдөлгүй хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Түүнчлэн нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүдээс пестицид илэрсэн нь хүний эрүүл мэндэд ноцтой хор хүргэхгүй хэмжээнд байгааг мэдээлэв. Харин нэр бүхий /дурдаагүй байна/ хоёр бүтээгдэхүүнээс оксиметилфурфурол хэмээх бодис илэрсэн нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Шалгалтаар хуурамч, генийн өөрчлөлттэй болон хүнд металын агууламжтай зөгийн бал илрээгүй гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Хаан