АНУ коронавирусийн эсрэг вакциныг гарган авах, үйлдвэрлэн түгээх олон улсын санаачилсан COVAX төсөлд оролцохгүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жадд Дир мэдэгдсэнийг “Interfax” мэдээлэв. Түүний хэлснээр АНУ вирусийг устгахын тулд олон улсын түншүүдтэй хамтран ажиллахаа үргэлжлүүлэх ч "авлигад идэгдсэн ДЭМБ болон БНХАУ-ын нөлөөнд автсан олон талт байгууллагуудаар хязгаарлагдахгүй" ажээ. Тус улсын ерөнхийлөгч “шинэ вакцин болгон аюулгүй байдал үр нөлөөгөөрөө АНУ-ын Эрүүлийг хамгаалах яамны алтан жишигт нийцэж, амь насыг аврах баталгааг гаргахын тулд хөрөнгө хайрлахгүй” гэдгийг Дир цохон тэмдэглэжээ. COVAX төсөлд дэлхийн 170 гаруй улс орон оролцож байгаа бөгөөд ойролцоогоор 12 төрлийн вакцинд хөрөнгө оруулах, зах зээлд гарсных нь дараа тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой юм. Уг төслийг Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл /CEPI/, ДЭМБ удирдаж байгаа аж.