Камбожийн “Улаан кхмеруудын” толгойлогчдын нэг Канг Кек Иеу гэгч хорих ял эдэлж байгаад 77 насандаа өчигдөр нас баржээ. Энэ тухай орон нутгийн VOD News мэдээллийн сайт эх сурвалжийг дурдан мэдээлэв. Канг Кек Иеу нь Пол Потын дэглэмийн үед Камбож улсын нийслэл Пномпень хотын шоронгийн даргаар ажиллаж байсан аж. Түүнийг дор хаяж 15 мянган хоригдлын үхэлд буруутай гэж үздэг бөгөөд Женевийн конвенцийг зөрчсөн, хүмүүсийг санаатайгаар алж, эрүүдэн шүүж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон юм. Түүнийг "Улаан кхмеруудын" хамгийн харгис яргачин байсан гэлцдэг. "Khmer Times" сонинд бичсэнээр Канг Кек Иеугийн бие Даваа гарагт /2020.08.31/ гэнэт муудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний үхлийн шалтгаан нь одоогоор тодорхой бус аж. Пол Потоор удирдуулсан “Улаан кхмерууд” олон жил партизаны дайн явуулсны эцэст 1975 онд Камбожийн засгийн эрхийг гартаа авсан юм. “Улаан кхмерууд” гурван жил хагасын хугацаанд засгийн эрхэнд байхдаа тус улсын хотын 25%, хөдөөгийн 15% буюу нийт бараг 2 сая хүнийг устгасан байдаг. 1979 оны нэгдүгээр сард Пол Потын дарангуйллыг түлхэн унагасан бөгөөд Пол Пот “Улаан кхмеруудийн” үлдэгдэл цэргүүдийн хамт Камбожийн ширэнгэн ойд нуугдаж байгаад 1998 оны 4-р сарын 15-нд хорт хавдраар нас барсан аж. Камбожийн "улаан кхмеруудын" засаглалыг өнгөрсөн зууны хамгийн цуст дэглэмүүдийн нэг гэж үздэг.