ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 45 настай эрэгтэй, 59 настай эмэгтэй юм.
Мөн нэг иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 306 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 21 , гэрийн ажиглалтад 46 хүн тусгаарлагдаж байгаа бол 229 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.