Бейрут хотод өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн улам ширүүсэж эхэлжээ. Шинэчлэлийг шаардсан эсэргүүцэгчид өчигдөр парламентын ордон руу дайрсан байна. Тэднийг зогсоох гэсэн цагдаагийнхан болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бейрутэд дахин айлчилж байгаа бөгөөд Ливаныг дэмжих бага хурлыг Парист зохион байгуулах санал тавьсан тухай “Россия24” суваг мэдээлэв. Францын төрийн тэргүүний хэлснээр Ливанд арванхоёрдугаар сараас өмнө шинэчлэл хийхгүй бол тус улс олон улсын тусламж авах боломжгүй болох аж. Өнгөрсөн наймдугаар сарын 4-нд Ливаны нийслэл Бейрут хотын боомтод асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас тус хотын барилга байгууламжийн бараг тал орчим хувь нь сүйдэж, 157 хүн амиа алдсан юм. Дэлбэрэлт гарсан явдалд хотын оршин суугчид эрх баригчдыг буруутган, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцрох, ээлжит бус сонгууль явуулах, Бейрутын боомтод гарсан дэлбэрэлтийг үнэнч шударгаар мөрдөн шалгахыг шаардан жагсаж эхэлсэн билээ.