Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн эхний ээлжийн сурагчид
Цагаан туузаар гоёсон, дүрэмт хувцастай охид баглаа цэцэг барьж, үсээ толийтол самнаж, шинэ пүүзээр гангарсан хөвгүүд томдсон цүнхээ үүрээд сургуулийн зүг алхах нь есдүгээр сарын 1. Энэ өдөр сэтгэл нь догдолж, эрдэмтэн багш, сурагч ахуй цагаа дурсан санагалздаг хүн цөөнгүй болов уу. Тэр тусмаа сургуулийн босго анх удаа давж буй шинэ сурагчтай эцэг, эхчүүд хүүхдээсээ илүү баярлан хөөрдөг гэхэд хилсдэхгүй. Энэ л дотно мэдрэмж, танил зураглалтай хичээлийн шинэ жил өчигдөр эхэллээ.
Хорио цээрийн дэглэмийн үед сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн учир сурагч бүрийн цүнхэнд дэвтэр, номоос гадна амны хаалт, гар ариутгагч заавал байх ёстой. Анги, танхимыг ариутгах, зай талбайн хэмжээг тохируулах ажлыг сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар нь зохион байгуулсан учир хүүхдээс шаардах гойд зүйл үгүй. Цар тахлын улмаас энэ удаа хичээлийн шинэ жилийн нээлтийг албан ёсоор хийгээгүй ч улс даяар ихэнх сургууль, цэцэрлэг 08.00 цагт хүүхдүүдээ хүлээн авсан юм. Нэг ангид 25 хүртэлх хүүхэд хичээллэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэг ангийнхны тэн хагас нь өглөө цугларч, үлдсэн нь өдөр ирцгээх бол есдүгээр сарын 2-нд хичээлтэй сурагчид өчигдөр гэртээ өнжсөн билээ.
Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэг шинэ барилгатай болжээ
СУРАГЧИД НЭМЭГДСЭЭР, СУРГУУЛЬ НЬ ЭЛЭГДСЭЭР
08.00 цагт Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн үүдэнд хүүхдүүд бужигнаж, хөгжим хангинаад сүртэй. Хонх жингэнүүлэн, бүжиг, наадам болоогүй ч баярын уур амьсгал төрүүлэхээр байлаа. “Миний охин шилжиж ирж байгаа юм. Ангиа мэдэхгүй. Оруулаад өгье” гээд үүд рүү зүтгэх нэг аавыг багш нар хориглож, “Ганц ч эцэг, эхийг дотогш оруулахгүй. Хүүхдээ багшид нь хүлээлгэн өгөөрэй” гэв. Нэгдүгээр ангид элссэн шинэ “цэрэг” бага зэрэг хоцорч ирсэн тул анги даасан багш нь сурагчдаа дагуулаад хэдийн дотогш орчихжээ. Сандарсан түүнийг өөр нэг багш ангид оруулж өгөхөөр гараас нь хөтлөөд явлаа. Сургуулийн хаалга “мөргөөд” буцсан сурагчид цөөнгүй байв. Учир нь хичээл нь өдөр эхлэх атал андуураад өглөө иржээ. “Миний хүү хичээл нь өдөр орно шүү дээ. Одоо гэртээ харь” гэх багш нарын үгийг тэнд байх хугацаандаа олонтоо сонсов. Хөөрч догдолсон хүүхдүүд багш, сургуулиа санаад өглөө эрт гүйгээд ирэв үү, эсвэл мэдээлэл авч чадсангүй юу.
08.30 цагт хичээл хэдийн эхэлжээ. Хонгилд ганц ч сурагч харагдсангүй. “3А бүлэг, багш Д.Батбулган” гэсэн хаягтай ангийн хаалганы завсраар шагайж харвал нэг сандал дээр нэг сурагч нөгөөгөөсөө хоёр метр орчим зайтай суужээ. Монгол хэлний хичээл орж буй бололтой багшийн самбарт бичсэнийг сурагчид хичээнгүйлэн хуулж харагдана. Цааш явсаар тус сургуулийн захирал Н.Дулмаагаас хорио цээрийн үед сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд бэрхшээл гарч буй, эсэхийг тодруулахад “Манайх хотын төвөөс 20 орчим км зайд байрладаг, Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан сургууль. Энэ хичээлийн жилд 950 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Ковид-19”-өөс сэргийлэх дэглэм баримталж, бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн цагийг зөрүүлэн, 3-4 дэд бүлэгт хуваарилсан. Баянзүрх дүүрэгтээ дотуур байртай ганц сургууль. 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хуандай, Шар хоолой, Гүнжийн ам зэрэг 10-25 км-т алслагдсан газраас хүүхдүүд ирж суралцдаг. Тэд дотуур байранд амьдардаг. Сурагчдын тоо жилээс жилд өсөж байна. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад сурагчийн тоо 220 буюу 24 хувиар нэмэгджээ. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 135 хүүхэд элссэн. Дотуур байраа “Хүүхэд хөгжлийн төв” болгон хөгжүүлэхээр зорьж, Монголын багш, эцэг, эхийн холбооны дэмжлэгээр энэ зун засаж, тохижууллаа. Тус бүр нь 15.5 ам метр талбайтай өрөөнд дөрвөн сурагч амьдардаг. Журмын дагуу нэг өрөөн дэх хүүхдийн тоог цөөлөхийг хичээсэн ч дотуур байранд амьдрах шаардлагатай сурагч олширсон. Нэг айлын 4-5 хүүхэд ч амьдрах тохиолдол бий. Хэрэв дотуур байргүй болчихвол тэд сургууль завсардах эрсдэлтэй. Тиймээс бүх хүүхдээ хамруулахын тулд агуулах, жижүүрийн өрөөг суллан, тохижуулсан. Шинээр орох хүүхдийн хүсэлтийг түр түдгэлзүүлсэн” гэв.
Анх Төв аймгийн харьяанд бага сургуулийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн эрдмийн энэ өргөө өдгөө 1000 орчим сурагчтай болж өргөжжээ. Гэвч 60 “настай” уг барилгыг дорвитой засаж, шинэчлээгүй байна. Төвийн дулааны шугамд холбогдоогүй учир уурын зуухаар сургуулиа халаадаг аж. Нийслэлийн харьяат хэдий ч нүүрс түлдэг гэнэ. Хана, дээврээс нь дулаан алдах, мөөгөнцөртөх, анги, танхим цонхтой хэсгээсээ нурах эрсдэл үүссэнийг захирал нь хэлж байна. Тэд эдгээр асуудлаа гал унтраах төдийгөөр л аргалж өдий хүрчээ. Барилга барихад газрын хомсдох асуудалгүй тул хөрөнгө төсвийг нь шийдчихвэл 1000 орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурах эрхийг хангачих юм билээ, уг нь. Дотуур байрыг ч ялгаагүй 1964 онд ашиглалтад оруулсан бөгөөд өргөтгөх шаардлагатай аж.
ОЮУТНЫ БАЙРАНД ТӨВХНӨСӨН ТЭД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЖЭЭ
Аав, ээжийгээ дагаж уйлдаг, багшаа андуурч будилах багачууд цэцэрлэгээр дүүрэн. Баянгол дүүргийн II хорооны 66 дугаар цэцэрлэгт ч энэ өдөр ийм явдал мэр сэр тохиов. Харин өнгөрсөн жил цэцэрлэгт явсан багачууд эцэг, эхээ хормойдсонгүй, гараа даллаад л гүйгээд орчихов. Багачууд гадуур хувцас, гутлаа тайлж чадахгүй учир учир эцэг, эх нь улавч өмсөж, гараа ариутган, халуунаа шалгуулаад хүүхдийнхээ хамт дотогш орлоо. “Халуурсан” гэх шалтгаанаар гэр лүүгээ буцсан хүүхэд байсангүй.
Баянгол дүүргийн II хороо хүн ам олонтой ч ганцхан цэцэрлэгтэй. Цэцэрлэгийн буюу 2-5 насны 900 орчим хүүхэд бүртгэлтэй ч гуравны нэг нь л хамрагддаг аж. Харин энэ хичээлийн жилд шинэ цэцэрлэгтэй болсон ч есдүгээр сарын 1-нд үүдээ нээж хараахан амжсангүй. Улсын комисс хүлээж авсны дараа буюу энэ сарын 15-наас шинэ байрандаа тухлах юм байна. 25 автомашины гарааш байсан газрыг чөлөөлж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Хангайн хятруун” компанийнхан уг цэцэрлэгийн барилгыг барьжээ. Шинэ цэцэрлэгт 250 хүүхэд авах гэнэ. Уг цэцэрлэг 48 жилийн турш зориулалтын бус, оюутны дотуур байранд үйл ажиллагаа явуулж ирсэн нь энэ. Олон жилийн дараа зориулалтын байртай болсондоо багш, ажилтангүй баярлаж байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл “Манайх өмнө нь 12 бүлэгтэй байсан ч зориулалтын бус байртай гээд зургаа болж цөөрсөн. Сүүлийн жилүүлэд бүлгийн тоог нэмсэн ч хамрагдах ёстой бүх хүүхдээ авч чаддаггүй. Харин шинэ барилгатай болсноор цэцэрлэггүй үлдсэн олон хүүхдийг хамруулах боломж бүрдлээ. Бид ажлын таван өдөр 08.00-17.00 цаг хүртэл ажиллана” гэв.
“НЭГ Л ДҮНСГЭР, ГЭХДЭЭ САЙХАН БАЙНА”
Энэ үгийг нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг хэлэв. Тэрбээр “Хичээлийн шинэ жилийн нээлт болоогүй учраас нэг л дүнсгэр, гэхдээ хүүхдүүдтэйгээ уулзаад сайхан байна” гэлээ. Тус сургуульд 3200 гаруй хүүхэд сурдаг аж. Энэ жил 426 хүүхдээр бүл нэмжээ. 09.30 цагийн үед сурагчид үдийн цайгаа ууж байсан юм. Хэдий өдөрт гурван цаг орчим хичээллэх ч сурагчдад халуун хоол, цай өгч буй. Нэг ширээг нөгөөгөөс нь метр хүрэхгүй зайд байрлуулсан харагдана. М.Мөнхцэцэгээс учрыг лавлавал “Нэг ангид 50 орчим хүүхэд суралцдаг. Сурагчдыг хоёр бүлэгт хуваасан ч ангийн талбай, ширээний хэмжээнээс шалтгаалж хоорондын зайг нь 1.5 метрт байрлуулах боломжгүй. Хичээлийн 35 танхимтай ч одоо 175 бүлэг хичээллүүлэх болсон. Нэг, тав, ес, арванхоёрдугаар ангийнхан өглөө хичээллэнэ. 08.00, 10.30, 13.30, 15.00 цагт дөрвөн ээлжээр хичээллэх юм. Хүүхдүүд ангидаа амны хаалт зүүж байгаа” гэв.
Сургуулийн үүдэнд хоёр багш гар ариутгагч барин зогсжээ. Мөн хоёр нь халуун хэмжиж байв. Ангиа олохгүй төөрсөн, багшаасаа хоцорсон хүүхдүүдийг чиглүүлэх үүрэгтэй найман багш байх юм. Мөн өдөрт 28 багш жижүүрийн үүрэг гүйцэтгэж, дэг журмыг сахиулах гэнэ. Хүүхдээ ангид нь оруулж өгч чадалгүй, хаалганы цаана хоцорсон, нэгдүгээр ангийн сурагчдын эцэг, эхэд зориулж, сургалтын үйл ажиллагааг нь цахимаар дамжуулан, анги тус бүрийнх нь фэйсбүүк группт байрлуулж буй аж. Биеийн тамир, гоо зүй, мэдээлэл зүй, хими, эрүүл мэндийн багш нар аравдугаар сар хүртэл танхимд хичээлгүй учир цар тахлаас сэргийлэх, бусдадаа туслах үүрэг гүйцэтгэх гэнэ. Тус сургууль өргөтгөлийн байртай болсон ч ашиглалтад оруулж хараахан амжаагүй байлаа.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч уламжлал ёсоор хичээлийн шинэ жилийн баярт зориулан Төрийн ордонд хүүхдүүдэд тамга, баримт бичиг, өв уламжлалын талаар теле хичээл заасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуульд зочилсон юм. Улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсжээ.