Аймгуудын сургууль, цэцэрлэгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх тусгай журмын дагуу хичээллэх бэлтгэлээ бүрэн хангажээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Бүгд онцгой нөхцөл байдалд, тусгай горимоор ажиллах бэлтгэлээ бүрэн ханган, шинэ хичээлийн жилээ эхлүүлсэн байна. Тус аймгийн цэцэрлэгүүд нэг ангид 20-25 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд хүүхэд хоорондын зайг 1-1,5 метр байхаар зохицуулалт хийжээ. Мөн хүүхдүүдийг гэрээсээ ирэхдээ амны хаалттай байхыг шаардаж, дотогш ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгаж байгаа аж.
Харин ерөнхий боловсролын сургуулийн анги бүр хоёр ээлжээр хичээллэж байгаа бөгөөд тус аймгийн сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хэмжээнд амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг шаардлагатай халдвар хамгааллын хэрэгслээ нөөцөлсөн байна.
Харин Дархан-Уул аймагт 2020-2021 оны хичээлийн жилд нийт 27 ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд төрийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулахаар өнөөдөр сурагчдаа хүлээн авчээ. Тус аймаг онцгой нөхцөл байдалд сургалтын үйл ажиллагаа явуулах үеийн зохицуулалт, анги танхимын бэлэн байдлыг хангах, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд “Эрсдэлийн үнэлгээ хийх” ажлын хэсэг байгуулж, сургууль, цэцэрлэгүүдээр явж үнэлгээ хийжээ.
Энэхүү ажлын хүрээнд ариутгал, халуун хэмжигч, гар ариутгагчийн зардал болох 18 сая төгрөгийн нэхэмжлэлийг БСУГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд хүлээн авахаар БШУЯ-нд хүргүүлээд байгаа аж. Мөн тус аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн 78 хувь нь мэргэжлийн байгууллагаар ундны усны дүгнэлт гаргуулсан байна. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдын 90 гаруй хувийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан байна.