Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн Мария Колесникова "Вместе” (Хамтдаа) улс төрийн шинэ нам байгуулснаа Даваа гарагт /2020.08.31/ зарлав. "Би, Мария Колесникова, болон Виктор Бабарикогийн төв штабын гишүүд өнөөдөр "Вместе” улс төрийн нам байгуулснаа зарлаж байна. <...> Бүртгэлийн баримт бичгийг ойрын хугацаанд өргөн барих болно. Бид нэгдэж, улам хүчирхэг болно" гэж тэрбээр дүрс бичлэгээр олон нийтэд хандан хэлсэн байна. "Өнөөдөр бид Беларусийн шинэ, ухамсартай, хариуцлагатай нийгмийг бүрдүүлж байна. Бидэнд шинэ сорилт, хүсэлт тулгарч байгаа тул тэдэнд хариу өгөх шаардлагатай байна. Эх орон маань улс төр, нийгэм эдийн засгийн хямралд ороод байгаа бөгөөд энэ хямралаас хэрхэн гарахаа бид хамтдаа мэднэ. Мянга мянган беларусьчууд, авъяаслаг мэргэжилтнүүд хариуцлагаа үүрч, хамтдаа шинэ Беларусь улсыг байгуулахад бэлэн байна "гэж Колесникова мэдэгджээ. Үүнээс гадна Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч Виктор Бабарико оролцсон дүрс бичлэгийг үзүүлсэн байна. В.Бабарико нь “Белгазпромбанк”- тай холбоотой хууль бус үйл үйл ажиллагаа зохион байгуулсан гэдэг үндэслэлээр баривчлагдаж, Улсыг аюулаас хамгаалах хорооны /КГБ/ урьдчилан хорих байранд хоригдож байгаа юм. Бабариког баривчлагдахаас өмнө хийсэн бололтой уг бичлэгт тэрээр сөрөг хүчний бүх дэмжигчдийг нэгтгэж "зохион байгуулалттай хэлбэр" -ийг бий болгох шаардлагатай байгаа тухай ярьсан байна. Түүний хэлснээр, энэ байгууллагын үүрэгт Үндсэн хуулийн шинэчлэлийг явуулах, эдийн засгийн байдлыг сайжруулах чиглэлээр ажиллах мөн түүнчлэн "иргэний байр сууриа илэрхийлэх боломжийг" хүмүүст олгох ёстой аж. Сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийг байгуулах санаачилгыг Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Светлана Тихановская гаргасан аж. Тэрээр өнөөгийн төрийн тэргүүн Александр Лукашенко 80,10% -ийн санал авч ялалсан гэх СЕХ-ны албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. 8-р сарын 11-ний шөнө Тихановская Беларусь улсаас гарч, одоо Литвад байгаа аж. Түүний санаачилсан Зохицуулах өвлөлийн зорилго нь засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг хангах явдал ажээ. Уг зөвлөлийг байгуулсан үйлдэлд Беларусийн Ерөнхий прокурорын газраас “засгийн эрхийг булаан авахыг уриалсан” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.