Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 25 сая 272 мянган хүн өвчилж, 857 мянган хүн нас баржээ. Харин 17 сая гаруй хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 264 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 500,000 гаруй хүн нас баржээ.
Мөн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,993 хүн шинээр халдварлаж, 53 хүн нас барсан бол БНХАУ-д шинээр 19 тохиолдол бүртгэгдлээ. Харин Япон улсад 429 шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан байна. Тус улсын хувьд дотоод гадаадгүй амны хаалт зүүх журмыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Түүнчлэн БНСУ-д шинээр 235 халдвар бүртгэгдсэн. Тус улсын хувьд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг авах үүднээс ресторан болон кофе шопоор үйлчлүүлэхдээ аль болох гэртээ болон албан байгууллагадаа хүргүүлэн, зөөвөрлөн хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэл бүлэгт хүмүүсийг хамгаалах, зөв дадал хэвшлийг эзэмших, эрүүл мэндийн байгууллагууд сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх зэрэг дөрвөн зөвлөмжийг ДЭМБ онцолжээ. Мөн ДЭМБ-аас өөрийн гишүүн 105 орны мэдээлэлд судалгаа хийсэн байна.
Судалгаагаар дэлхийн улс орны 80-90 хувьд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдсан гэсэн үр дүн гарчээ. Тухайлбал, дархлаажуулалт, халдварт бус өвчний оношилгоо, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах гэсэн тусламж үйлчилгээнүүд тасалдсан байна. Тиймээс бид ганц коронавирус гэхгүйгээр хүн амын эрүүл мэндэд жигд анхаарах шаардлагатай байгаа юм." гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "АНУ-ын өвчин судлалын төвийн эрдэмтэд, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дотор хэрэв коронавирус эерэг гарвал тус коллеж болон их дээд сургуулийнхаа байранд тусгаарлагдах ёстой гэсэн зөвлөмж өгчээ. Мөн Францад хийгдсэн судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүнээс илүү өвчилж, нас барах тохиолдол үүссэн байна.
Харин манай улсын хувьд 409 хүн шинээр тусгаарлалтад орж, 25 хүн тусгаарлалтаас гарсан. Одоогийн байдлаар тусгаарлаан ажиглалтын байранд 3,815 хүн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд цэргийн төв эмнэлэгт 61 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм" хэмээн мэдээлэв.